Япончууд вакцины захиалгаа өгөв

762

Коронавирусийн вакцин Токио 2020 эхлэхээс хамгийн эртдээ дөрвөн сарын өмнө Японд хийгдэж эхлэх боломжтойг Kyodo News мэдээлэв.

Японы засгийн газар Америкийн эм үйлдвэрлэгч Pfizer группээс 120 сая тун вакцин захиалаад байгаа юм. Энэ нь тус орны нийт хүн амын тал хувийг вакцинжуулахад хүрэлцэнэ. Японы Засгийн газар тус вакциныг албан ёсоор батлахаасаа өмнө үр дүн, сөрөг нөлөө, аюулгүй байдал зэргийг сайтар харгалзаж үзэхээ мэдэгдсэн.

Одоогоор АНУ, Их Британи ард иргэдээ Pfizer-BioNTech-оор вакцинжуулж эхэлсэн. Харин Японд хамгийн эртдээ ирэх оны гурван сараас эхлэн вакцинжуулалт явж эхлэх боломжтой аж.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “Вакцин гарлаа гээд санаа амарч тайвширч болохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ хойшлогдсон Токио 2020-д итгэх олон нийтийн итгэл вакцинтай холбоотойгоор өсөн нэмэгдээд байна.

Наадмын үеэр тамирчдыг дөрвөөс тав хоног тутамд шинжилгээнд хамруулахаас гадна тэмцээн нь дууссан бол Японд удаахгүй байлгахаар зохион байгуулагчид төлөвлөж байгаа. Мөн Японд ирэхээс дор хаяж 72 цагийн өмнө Ковид 19-н шинжилгээ өгч, өвчлөөгүй гэдгээ нотлох ёстой ажээ.

Токиогийн Олимп ирэх оны 7 сарын 23-наас 8 сарын 8-ны хооронд явагдахаар товлогдоод байгаа. Харин Паралимп 8 сарын 24-нөөс 9 сарын 5-нд хугацаанд явагдана.