Олимпын зардал нэмэгджээ

793

“Токио 2020” олимпын зохион байгуулах хороо сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр цар тахлын улмаас хойшлогдсон олимпын зардал тав дахиа нэмэгдсэнг зарласан юм.

Олимпын зохион байгуулах хорооны тэргүүн Тоширо Мүто сэтгүүлчдийн дунд зарласан хэвлэлийн бага хурал дээрээ энэ ирэх олимпын зардал өссөн болохыг мэдээлэв. 2021 онд болох Токиогийн зуны олимпын наадам анх төсөвлөсөн зардалаасаа хойш тав дахь удаагаа нэмэгдсэн байна.

Зохион байгуулах хорооны зүгээс өмнөх дөрөв дэх хувилбартай харьцуулахад 900 сая ам.доллароор зардал өсөж байгааг тодотгожээ. Паралимпын наадмын зардал гэхэд 300 сая “ногоон”-оор нэмэгдэж, нийт 6.7 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.

Харин Токиогийн олимпын наадмын нийт төсөв 15.4 тэрбум ам.долларт хүрнэ. Өмнө нь нийт зардлын дүн 12.6 ам.доллар байхаар төлөвлөсөн ч Зохион байгуулагчдын зүгээс цаг үеийн байдалтай холбоотойгоор цар тахлын үед ашиглах гэнэтийн ослын санд ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвт тусгажээ.

Түүнчлэн зардлыг багасгах үүднээс арга хэмжээнд оролцох албан тушаалтнуудын тоог бууруулах, гэрэлтүүлгийн хэмжээг багасгаж, дэд бүтцийн шинэчлэл хийх, Тамирчдын тосгонд болон нээлтийн ёслолд болох зарим үйл ажиллагааг хасах шийдвэр гаргаснаа танилцуулав.