Япончууд олимпын наадмыг эсэргүүцэж байна

1618

Зуны олимын XXXII наадам 2020 оны 07 сарын 04-нөөс 8 сарын 09-нд Японы нийслэл Токиод нээлтээ хийх байсан боловч коронавирусын цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдон энэ оны долдугаар сард хөшгөө нээхээр болсон билээ. Харамсалтай нь, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олимпыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Японы эрх баригчид олимпын наадмын албан ёсны зочдын тоог хоёр дахин бууруулах боломжийг судлаж байна. Одоогийн байдлаар тамирчид, багийн гишүүд, үйлчилгээний ажилтнууд болох 30 мянга орчим хүнийг оруулаад 90 мянга орчим зочин ирэхээр төлөвлөжээ.

Токиогийн олимпын бамбарын буухиа эхэлсний дараагаар тус наадмыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авчээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, Тошио Миязаки “Япон улсад зочлох тамирчин, албаны хүмүүсээр дамжин вирусын тархалт нэмэгдэхээс сэрэмжилж байна” гэсэн бол Кейко Накамори гэх эмэгтэй “Онц байдал тогтоосон ч цар тахлын нөхцөл байдал сайжраагүй. Иргэдийн 80 хувь нь олимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн. Засгийн газар ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой” гэж “Киодо” агентлагт ярьжээ. Мөн жагсагчид Фүкүшимад цацраг идэвхт хаягдал овоолоостой байхад бамбар барьж гүйх нь шудрага бус хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Хэдийгээр Япон улсын Засгийн газар Фүкүшимад 300 тэрбум ам.доллар зарцуулсан боловч одоог хүртэл зарим газар нь хориотой хэвээр байгаа юм.

М.Ану