Орон гэргүй залуугийн хүнд жингийн аварга болсон аялал

2404

UFC холбооны хүнд жингийн шинэхэн аварга цолыг хүртсэн Фрэнсис Нганноугийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Камерун залуу өнгөрөгч ням гарагийн орой уг амжилтыг үзүүлсэн анхны африк хүн болж түүхэнд бичигдсэн билээ. Шинэхэн аварга Нганноу дараагийн тулаанаа хагас хүнд жингийн аврага асан алдарт Жон Жонстой хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан юм.

Нганноугийн түүх

Ядууралд нэрвэгдсэн Камеруны Батие хотод өссөн Фрэнсис Нганноу өдөр хоногийг хоол олж идэхийн тулд хогийн сав ухан өнгөрүүлдэг байлаа. Ирээдүйн бүс эзэмшигчийн тэр үеийн гол дайсан нь хархнууд. Мэрэгчдээс түрүүлж хоол олж идэхийн тулд залуу хүү хамаг чадлаараа зүтгэнэ. Энэ талаар нэгэн подкастанд орох үеэрээ  “Хогийн савнаас идэх юм олохын тулд шөнийн цагаар зах руу явна. Заримдаа хархнуудтай маргалдана шүү дээ. Энэ ялзарсан улаан лооль минийх, чинийх гээд л” хэмээн хошигнон дурссан байдаг.

Бага балчир 10 настайгаасаа л ээж, авга эгч хоёртойгоо амьдардаг бас тэднийгээ тэжээхийн тулд элсний уурхайд ажилладаг байжээ. Хэдийгээр олон төрлийн хар ажил хийдэг байсан балчир хүү мэдлэг олж авахын тулд сургуульдаа явдаг байв. Багаасаа хүнд бэрх зам туулсан нь түүнийг төлөвшүүлсэн гэж боддог аж.

20 настай Ф.Нганноу

Эх нутагтаа амьдрах тун хэцүү байсан ч Нганноу сайхан амьдралыг мөрөөддөг байлаа. Тиймээс буурай орноо орхиж шинэ амьдралаа эхлүүлэхээр цагаачлахаар шийдсэн юм. Гэхдээ сонгосон зам нь амар хялбар байгаагүй. Африкийн хойд хэсэгт оршдог Алжир улс руу олон удаа явах гэж оролдоод чадаагүй бүтэлгүйтжээ. Эцэст нь Испанид очиж чадсан ч хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр шоронд хоригдов. Хоёр сар хоригдсоны эцэст суллагдсан Нганноу шууд Франц руу зугтжээ. Хэдийгээр тансаг, хангалуун амьдралтай улс руу дүрвэсэн ч амьдралд нь ахиц гарсангүй. Тулаанч болох хүсэлтэй ч түүнд амаргүй байв. Боксын клубт танилцсан нэг нутгийн Дидье Кармот хэмээх залуу түүнд тус хүргэсэн юм. Энэ талаар Нганноу “Орон гэргүй надад амьдрах байр олж өгч, дэлгүүрээр дагуулан пүүз сонгож тэр ч бүү хэл үнэгүй бэлтгэл хийлгэхээр заалны менежрийг ятгасан тэр үеэс амьдралдаа эргэлзэх эргэлзээ маань тайлагдаж билээ” хэмээн дурссан.

Францис Нганноу өөрийн инстаграм хуудсандаа Д.Кармотын талаар пост оруулсан юм.

Анх боксчин болохыг хүсч байсан Нганноу холимог тулаанаар хичээллэж эхэлсэн төдийгүй анхны тулаанаа 2013 онд хийж байв. Эцэст нь 2015 онд UFC-тэй гэрээ байгуулж чадсан ба эхний тулаанаа Луйс Хенрикийн эсрэг хийж хүнд цохилтоор ялжээ.

UFC-д хийсэн анхны тулаан

Энэ үеэс аваргын бүсийг зүүх хүртэлх түүний байгуулсан ялалтууд Африк болон Камеруны шинэ залуу тулаанчдад урам зориг өгч байгаа нь түүний амжилтыг өөрт нь улам бүр амттай болгодог гэнэ. Мөн тэрбээр “Францис Нганноу” хэмээх санг байгуулсан ба өөртэйгөө адилхан бага насандаа өлсөж ядарч байгаа залууст тусладаг байна. Тэр ч байтугай үе үе бага насандаа ажиллаж байсан элсний уурхайдаа очиж тусладаг нь түүнийг ямар энгийн нэгэн бэ гэдгийг нь харуулдаг.

Б.Цогтбаяр