Жордан Барроус олимпын эрхээ авч чадсангүй

1590

“Токио 2020” олимпод оролцох бөхчүүдээ бүрдүүлэхээр америкчууд олимпын сонгон шалгаруулалт зохион байгууллаа. Энэ тэмцээний гол дуулиан эрэгтэйчүүдийн 74 кг-д болсон юм.

Лондоны олимпын аварга, дэлхийд дөрөв түрүүлж, гурван хүрэл медаль зүүсэн Жордан Барроус, дэлхийн хошой аварга Кайл Дэйк нарын тулаан олны анхаарлыг татаж байв. Сүүлийн хэдэн жилд энэ жинд Ж.Барроус босоо байсан. Харин К.Дэйк олимпын бус жин буюу 79 кг-д дэлхийд хоёр түрүүлснээр хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан билээ.

Гурван барилдаанаас түрүүлж хоёр хожсон нь Токиог зорих “тийз”-ээ өвөртлөх чухал тэмцээнд К.Дэйк гол өрсөлдөгчөө 3:0, 3:2-оор буулган авч, мөрөөдлөө биелүүлэв.

Эрэгтэйчүүдийн ангилалд Риогийн олимпын аварга Кайл Снайдер, дэлхийн аварга Дэвид Тэйлор, ДАШТ-ий мөнгөн медальт Томас Гилман болон Залуучуудын дэлхийн аварга, өдгөө 20 настай Габл Стивсон нар Токиог зорих эрхээ авчээ. Харин 65 кг-д ялалт байгуулсан Жордан Оливер ирэх тавдугаар сард Болгар улсад болох эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм.

Өдгөө 32 настай Ж.Барроус жингийнхээ гол өрсөлдөгчөө өмнө нь гурван удаа ялж байв. Энэ жинд олимп, дэлхийд явж чадаагүй К.Дэйк олимпын бус жинд дэлхийд дараалан түрүүлсэн билээ. Аваргын есөн жил дараалан олимп, дэлхийд улсаа төлөөлсөн амжилтад 30 настай К.Дэйк цэг тавьсан юм. Хэрвээ энэ барилдаанд Ж.Барроус ялсан бол олимп, дэлхийн 10 тэмцээнд зодоглох байлаа. Хэдийгээр Токиог зорьж чадаагүй ч аваргын хувьд зодог тайлах эсэхээ шийдэхэд хэтэрхий эрт байна гэж үзэж буй. Энэ талаар ч дэлгэрэнгүй ярилцахаас татгалзсан юм.

Эрэгтэй чөлөөт бөхийн баг

Эрэгтэй баг
  • 57 кг: Томас Гилман (ДАШТ-ий мөнгө, Залуучуудын ДАШТ-ий хүрэл)
  • *65 кг: Жордан Оливер (V сарын 6-9-нд Болгарын София хотод болох эрх олгох тэмцээнд оролцоно)
  • 74 кг: Кайл Дэйк (ДАШТ-ий хошой алт)
  • 86 кг: Дэвид Тэйлор (ДАШТ-ий алт)
  • 96 кг: Кайл Снайдер (Риогийн олимпын аварга, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл)
  • 120 кг: Габл Стивсон (Залуучуудын дэлхийн аварга)

Эмэгтэй чөлөөт бөхийн баг

Эмэгтэй баг
  • 50 кг: Сара Хильдебрандт (ДАШТ-ий мөнгө)
  • 53 кг: Жакара Винчестер (ДАШТ-ий алт)
  • 57 кг: Хелен Марулис (Риогийн олимпын аварга, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл)
  • 62 кг: Кайла Миракл
  • 68 кг: Тамира Менса-Сток (ДАШТ-ий алт, хүрэл)
  • 76 кг: Аделайн Грэй (ДАШТ-ий таван алт, хошой хүрэл)