Канадын баг дөрөв дэх удаа аваргаар тодорлоо

1599

АНУ-ын Техас мужид зохиогдсон U18 шайбтай хоккейн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд канадчууд 5:3-аар ОХУ-ын багийг ялж алтан медаль хүртсэн бол өмнөх тэмцээний аварга Шведийн баг Финландыг 8:0-ээр бут ниргэж III байр эзэллээ.

Оросын өсвөрийн баг 2007 онд аварга болж байсан бол Канадын баг 13 жилийн өмнө ОХУ-ын Сочид зохиогдсон ДАШТ-д түрүүлж байжээ.  Энэ хоёр баг хоорондоо хамгийн сүүлд 2008 оны Казань хотод болсон ДАШТ-д финалд таарч байсан юм. Эхний учраа мөн л Канадын ялалтаар өндөрлөж түүнээс хойш хойд хөршийн баг алтан медалийн тоогоо нэмэлгүй өдий хүрчээ. Хэдийгээр Оросын баг сүүлийн хоёр тэмцээн дараалж шигшээд үлдсэн боловч өмнөх боломжоо Шведийн залуучуудад, энэ удаа Канадад алдлаа.

Оросын хоккейчин Матвей Мичков тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэв. Тэрбээр сүүлийн тоглолтод хоёр дамжуулалт өгч, нэг шайб шигтгэж гурван оноо аваад зогсохгүй нийт тэмцээний хүрээнд 12 гоол оруулж, мэргэн буучаар тодров.

Сүүлийн тоглолтод оруулсан гоолын ачаар Матвей Оросын тоглогчдын дунд U18-ын хүрээнд оруулсан шайбын тоогоороо гуравдугаарт бичигдэж эхэллээ. Оруулсан гоолын тоогоор оросуудын дунд тэргүүлэгч нь Александр Овечкин (14 тоглолтод 23 шайб). Хоёрдугаар байранд Илья Ковальчук  (12 тоглолтод 13 шайб) ордог бол Матвей Мичков долоон тоглолтод 12 гоол оруулснаар тэдний ард бичигджээ.