“Токио 2020”-ыг эсэргүүцэв

1289

Хоёрхон сарын дараа буюу ирэх долдугаар сарын 23-нд нээлтээ хийх “Токио 2020” олимпыг япончууд эсэргүүцсэн хэвээр байна. Цар тахлын шинэ давалгаа эрчээ авч вакцинжуулалтын явц муу явагдаж байгаа тул иргэдийн итгэл алдарч эхэлжээ.

Олимпыг эсэргүүцэгчдийн зүгээс тэмцлээ үргэлжлүүлэн Change.org цахим хуудсаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эсэргүүцэлд цахимаар нэгдсэн хүний тоо 376 мянгад хүрсэн аж.

Олимпыг эсэргүүцэх хөдөлгөөний тэргүүн, хуульч, улс төрч Кенжи Үцүномия цар тахлын үеэр спортын том арга хэмжээ зохион байгуулах нь нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй юм.

Японы “Асахи Шимбүн” сонин 1500 гаруй хүнээс авсан санал асуулгаар оролцогчдын 83 хувь нь олимпыг зохион байгуулахыг эсэргүүцсэн юм. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн олимпыг аюулгүй зохион байгуулна гэсэн амлалтад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ердөө л ес хоногийн өмнө буюу тавдугаар сарын 12-нд “Үмиүри Шимбүн” сонин уншигчдаасаа авсан санал асуулгаар оролцогчдын 60 хувь нь олимпыг эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байлаа.

Зөвхөн иргэд ч бус…

Олимпыг эсэргүүцэх хөдөлгөөнд зөвхөн иргэд оролцоогүй. Хэдэн мянган эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ эсэргүүцлийг дэмжиж байгаа юм. Олимптой холбогдуулан 10 мянган эмч, сувилагчийг ажлуулах төлөвлөгөө гарсны дараа Ерөнхий сайд Ё.Сүгад 6000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид ил захидал илгээсэн юм. Цар тахлын үед ийм том арга хэмжээг зохион байгуулах нь эрүүл мэндийн салбарыг “мөхөөнө” гэж үзэж байгаагаа ингэж илэрхийлжээ.

Онц байдал зарлав

Японд цар тахлын ээлжит даваа эрчимжиж Засгийн газар өнөөдөрөөс Токио болон гурван мужид онц байдал зарлалаа. Зуны олимп болоход 10 долоо хоног үлдсэн энэ үед тавдугаар сарыг дуустал үргэлжлэх онц байдал зарласан ч гэлээ Ё.Сүга олимпыг зохион байгуулахад ямар нэг асуудал үүсэхгүй гэх урьдын байр сууриа хамгаалав.

Өнгөрсөн гуравдугаар сард Японд өдөрт 1000 тохиолдол нэмэгдэж байсан бол өнөөдөр 6000 болон өсчээ.

Үүний хажуугаар вакцинжуулалтын хурд саармаг байгаа нь араасаа олон асуудал дагуулав. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Японы 126 сая иргэдийн 3.7% нь эхний тундаа хамрагдаж амжсан гэнэ.