Токио, Парис, Лос Анжелес тэгээд Брисбэн

1377

Олон улсын олимпын хорооны 138 дугаар чуулганаар 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хотыг зарлах байлаа. Одоогоос 11 жилийн дараа болох их наадмыг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Австралийн Брисбэн, Энэтхэгийн Ахмедабад, Индонезийн Жакарта, Катарын Доха, Германы Умард Райн-Вестфален муж, Испанийн Мадрид хот нэр дэвшсэн юм.

Австраличууд 1956 оны зуны олимпыг Мельбурнд, 2000 оны олимпыг Сиднейд тус бүр хийж байлаа. Хоёр дахь олимпоос 32 жилийн дараа тус улсын гурав дахь том хот болох Күйнслэнд мужийн нийслэл Брисбэн зохион байгуулах эрх авлаа.

Өнгөрсөн оны хүн амын тооллогоор 2,560,700 хүнтэй тус хот нь Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмыг хоёр удаа (1982, 2018), крекит, рагбийн ДАШТ болон хөлбөмбөгийн Азийн АШТ-ийг зохион байгуулсан туршлагатай.

Брисбэн Австралийн гурав дахь том хот юм.

Брисбэн хот олимпыг зохион байгуулахыг эртнээс төлөвлөж байв. 1992 оны олимпын сунгаанд өрсөлдсөн ч Испанийн Барселонад дийлдсэн билээ. Одоогоор австраличууд олимпын наадмыг зохион байгуулахад 5 тэрбум австрали доллар (3.7 тэрбум ам.доллар) зарцуулахаар төлөвлөсөн. Үүнийгээ ивээн тэтгэгч байгууллагууд тасалбарын борлуулалтаар нөхнө гэж үзэж байгаа юм.