Хүчингийн хэргийн хохирогч МкКайла Маронэй анх удаа хэвлэлд ярилцлага өгөв

1024

Олимпийн алтан медальт, АНУ-ын гимнастикийн багийн тамирчин асан МкКайла Маронэй бол эмч нэрийн дор олон залуу охидыг бузарласан гэмт этгээд Ларри Нассарын хохирогчдын ердөө нэг нь.

Олон жилийн турш албан тушаалаа ашиглаж, охид бүсгүйчүүдийн амьдралд хар толбо үлдээсэн хүн дүрст мангас гэгдэж буй Ларри Нассар бол Мичиганы их сургуулийн эмч, АНУ-ын гимнастикийн шигшээ багийн ерөнхий эмчээр ажиллаж байсан нэгэн.

Анх 2015 онд түүний эсрэг хоёр гимнастикч бүсгүй гомдол гаргаснаар энэ хэрэг эхэлжээ. Үүний дараа 2017 оны хоёрдугаар сард өмнө нь тамирчин байсан гурван бүсгүй хамт шүүхэд гомдол гаргаж, үүнээс хойш түүний хохирогчдын тоо эрс нэмэгдсэн юм. Анхны хохирогч Рачел Денхоллендерийг 15 настай байхад нь 2000 онд оролдож байсан гэнэ.

Энэ хэрэг үүгээр зогссонгүй. Олимпийн алтан медальт, америкчуудын хайртай тамирчдын нэг МкКайла Маронэй зэрэг олон алдартнууд түүний эсрэг зогсож, гомдол гаргасан байна. М.Маронэйг 13 настайдаа анх АНУ-ын шигшээ багийн бэлтгэлийн баазад ирсэн цагаас нь хойш 2016 онд их спортоо орхих хүртэл Л.Нассар бэлгийн дарамт үзүүлж байсан гэнэ.

Үүний араас мөн л олимпийн алтан медальт Али Рэйсман, Габби Доуглас, Симон Билес зэрэг шилдэг тамирчид Л.Нассарын хохирогч гэдгээ албан ёсоор зарлаж, энэ хэрэг спортын түүхэнд хараар бичигдэх нь тодорхой болов.

Холбооны мөрдөх товчоо Л.Нассарын гэрт шалгалт хийж, хувийн эд зүйлс дотроос нь зөвхөн насанд хүрээгүй хүүхдийн дүрс бичлэг, бусармаг зураг зэрэг 37 мянган эд зүйлсийг гэмт хэргийн баримт болгож хурааж авсан билээ. Тэрбээр эдгээр зураг, дүрс бичлэгийг 2004-2016 оны хооронд цуглуулсан юм. Хожим Мичиган мужийн шүүх зөвхөн энэ хэрэгт нь 60 жилийн хорих ял оноосон.

Энэ оны нэгдүгээр сард түүнийг насанд хүрээгүй охид болон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр 40-175 жилийн хорих ял нэмж өгсөн юм. Энэ хэргийн хохирогч эмэгтэйчүүдийн тоо 138-д хүрсэн байна.

Өдгөө тэр Аризона мужид ялаа эдэлж буй. Л.Нассарын хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой үе нь 2069 он. Энэ үед хэрвээ ялтан амьд байвал 105 настай байх аж.

Түүний хэрэг шийдэгдэж дууссаны дараа МкКайла Маронэй хэвлэлд албан ёсоор ярилцлага өгчээ. Тэрбээр “Анх Техаст АНУ-ын шигшээ багийн бэлтгэлийн баазад ирсэн цагаас хойш Л.Нассар намайг оролдож эхэлсэн. Тэр ийм бусармаг зүйл хийх бүртээ хэнд ч хэлж болохгүй, ойлгохгүй гэх зэргээр надад итгүүлж, олимпийн аварга болохын тулд энэ зэргийн золиос гаргах хэрэгтэй гэж ятгаж байсан” гэж ярьжээ.

М.Маронэй АНУ-ын гимнастикийн шигшээ баг, олимпийн хороо, Мичиганы их сургуулийн удирдлагыг энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлж, тэд Л.Нассарын бусармаг хэргийг хамгаалж байсан мэдэгджээ. “Тэдний санаа зовдог зүйл бол мөнгө, бас олимпийн медаль. Өөр бусад ямар ч асуудалд тэд санаа тавьдаггүй” гэж америк бүсгүй ярьсан юм. Тиймээс Маронэй зөвхөн Л.Нассарын эсрэг ч бус дээрх гурван байгууллагын эсрэг шүүхэд хандсан аж.