Гэмтэлтэй гэж баашилсан тоглогчийг гэрт нь буцаав

1025

Хорватын шигшээ багийн довтлогч Николай Калинич гэртээ буцжээ. Түүнийг дасгалжуулагч Нигерийн эсрэг тоглолтын 85 дахь минутад сэлгээнээс талбайд гарахыг хүссэн ч нурууны бэртэлтэй гэж баашилсан гэнэ.

Өдгөө 30 настай довтлогчийн оронд өөр тоглогч авчрах боломжгүй тул Хорватын шигшээ баг 22 тоглогчтой ДАШТ-ийг үргэлжлүүлэх шаардлагатай болсон аж. Италийн “АС Милан”-д зүтгэдэг Н.Калинич Бразилын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод мөн л нуруу өвчтэй хэмээн шалтаглаж тоглоогүй. Тэгвэл түүнийг хөөх шийдвэр гаргасан талаар дасгалжуулагч Златко Далич “Надад ямар ч үед бэлэн байх тоглогч хэрэгтэй” гэж ярьжээ.

Н.Калинич Хорватын шигшээд 41 тоглолт хийж, 15 гоол оруулсан. Харин сүүлийн дөрвөн тоглолт дараалан сэлгээнд суусан юм.

Ингээд манай сайт ДАШТ-ий эцсийн бүрэлдэхүүнд багтсан ч эрт гэртээ харьсан 5 тохиолдлыг онцлоё.


Уилли Жонстон (Шотланд)


 

Английн “Уэйст Бромич” багт зүтгэдэг шотланд эр 1978 оны ДАШТ-ийг эрт орхисон юм. Шотландын хөлбөмбөгийн холбооноос түүнийг сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тул хасахаас өөр аргагүй болжээ. У.Жонстон сүүлийн мөчид Арче Геммиллийг орлохоор ДАШТ-ий бүрэлдэхүүнд сонгогдсон ч эрт буцсан учир нэг их шүүмжлэлд өртсөн билээ.


Рой Кийн (Ирланд)


Английн “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч асан Рой Кийн 2002 оны ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд сонгогдсон ч дасгалжуулагч Мик МкКартигийн бэлтгэлийн стандартад дургүйцэж, хэрэлдсэн учир гэртээ буцсан түүхтэй.


Диего Марадона (Аргентин)


Аргентиний домог Диего Марадона шигшээ багаа 1986 онд аварга болгож, 1990 онд шигшээд хүргэсэн гавьяатай. Харин АНУ-д болсон 1994 оны ДАШТ-д Грекийг 4:0-ээр хожиход гоол оруулсан ч хар тамхи хэрэглэсэн учир хэсгийн сүүлийн тоглолт болох Болгарын эсрэг тоглож чадаагүй. Түүний эрхийг хасахаас өөр арга Олон улсын хөлбөмбөгийн холбоонд үлдээгүй юм.


Николас Анелка (Франц)


Франц довтлогч эр 2010 оны ДАШТ-д Мексикийн эсрэг хийсэн тоглолтын завсарлагаанаар дасгалжуулагч Рэймонд Доменечтэй хэрэлдэж, дараа нь уучлалт гуйхаас татгалзсан тул Францын хөлбөмбөгийн холбоо түүнийг гэрт нь буцааж, улмаар 18 тоглолтод оролцох эрхийг нь хассан удаатай. Анелка шийтгэлээс өмнө шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлаж, санаа нь амарсан гэдэг.


Златко Захович (Словен)


2002 оны ДАШТ-ийг Рой Кийн ганцаараа эрт орхиогүй. Словенийн хагас хамгаалагч Захович мөн гэртээ харьсан. Тэрбээр Испанийн шигшээ багийн эсрэг тоглолтод өөрийг нь сэлгээнд суулгалаа гэж дасгалжуулагч Среко Катанечд бухимдсан аж. Үүний дараа холбоо нь түүнийг бүрэлдэхүүнээс хассан түүхтэй.