Роман Абрамовичийн өгөөмөр зан

1120

Оросын тэрбумтан Роман Абрамовичийг танихгүй хөлбөмбөг сонирхогч ховор болов уу. Английн “Челси” клубийн эзэн, нийт хөрөнгө нь 11.5 тэрбум ам.долларт хүрдэг, оросын бизнесмэн, улс төрч энэ хүн Израильд үйл ажиллагаагаа явуулдаг “Fulfilling Dreams” хэмээх буяны байгууллагад тусалж, хүнд өвчтэй 30 хүүхдэд тусламжийн гараа сунгажээ. Орос тэрбумтны ачаар эдгээр 30 хүүхэд Орост хөл тавьж, хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний гэрч болсон юм.

Р.Абрамович болон түүний нөхдийн туслалцаатайгаар 30 гаруй хүүхдийг 38 асрагчтай нь цуг 68 хүнтэй аяллын баг бүтэн долоо хоног Орос оронд саатна. Эх сурвалжийн мэдээлснээр орос тэрбумтан эдгээр 68 хүний замын зардал, хоол, хүнс болон зочид буудлын төлбөрийг даасан гэнэ.

Тэдний нэг бол 9 настай Полина Фелдмен. Тэрбээр амьдралдаа анх удаа гадаад оронд аялж байгаа юм. Энэ бүлгийнхэн Герман – Мексикийн гайхалтай нэгэн тоглолтын амьд гэрч болсон төдийгүй Польш-Сенегалын тоглолтыг цэнгэлдэхэд үзсэн билээ. Харин өнөөдөр Португал – Мароккогийн тоглолтыг үзэх аж.

Р.Абрамович Израилийн “Fulfilling Dreams”-т анх удаа хандив өргөж байгаа нь энэ биш юм. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Бразилд анх ийм тусламж үзүүлсэн бол Евро 2016-д ч үргэлжлүүлсэн.

Сонирхуулахад, орос тэрбумтан эр энэ байгууллагын талаар өөрийн найз, “Челси” клубийн дасгалжуулагч асан Аврам Грантаас анх сонссон гэдэг.