Серхио Агуэро сэлгээнд сууна

1161

Хорватын шигшээ багт 3:0-ээр хожигдсоны дараа Аргентинийн багийн хэд хэдэн тоглогч дасгалжуулагч Хорсе Сампаолиг эсэргүүцсэн гэх мэдээлэл нийтэд түгсэн билээ. Тэд Нигерийн эсрэг хийх тоглолтоос өмнө Хорсег халах хүсэлтэй байгааг Аргентинийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Клаудио Тапиад тавьсан аж. Харин К.Тапиа дасгалжуулагчийнхаа талд байгаа учир түүнийг халах шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл Хорсе Сампаоли өөрийг нь эсэргүүцсэн тоглогч нарын нэг Английн “Манчестер Сити” клубийн довтлогч Серхио Агуэрог сэлгээнд суулгахаар төлөвлөж байгаа юм. Түүний оронд “Ювентус”-ын довтлогч Гонзало Игуан гараанд гарах бололтой.

Түүнчлэн Сампаоли өнгөрсөн тоглолтод алдаа гаргасан ахмад хаалгач Уилье Кабальерогийн оронд 31 настай хаалгач Франко Арманид шигшээ багтаа анхны тоглолт хийх боломж олгохоор шийдсэн байна. Үүгээр ч зогсохгүй Анхил Ди Мариа, Евер Банега нарыг гараанд гаргаж, Маркос Акуна, Энсо Перес нарыг сэлгээнд суулгахаар болжээ.

Зарим эх сурвалжийн үзэж буйгаар Хорсе Супер бүргэдүүдийн эсрэг гурван хамгаалагчтай тактикаа өөрчилж, дөрвөн хамгаалагчтай талбайд гарах гэнэ.

Ямартай ч Л.Месси, Х.Машерано нар Нигерийн эсрэг тоглох гарааны 11-ийг сонгоно гэсэн мэдээлэл худал гэдэг нь тодорхой юм. Х.Сампаоли ДАШТ-ийг дуустал ажлаа үргэлжлүүлэх бөгөөд энэ тэмцээний дараа ч үргэлжлүүлэн ажиллах магадлалтай. Учир нь Х.Сампаолиг халчихвал Аргентинийн хөлбөмбөгийн холбоо их хэмжээний нөхөн төлбөр төлнө. Хэдхэн сарын өмнө ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байсан холбоонд бол энэ нь тун хэцүү асуудал. Тэгээд ч хэл ам ихтэй дасгалжуулагчийн албанд очих дуртай мэргэжилтэн тун ховордоно. Тэднийг багагүй мөнгөөр л урхидаж, зөвшөөрүүлж чадах учир багагүй мөнгө зарцуулах нь ойлгомжтой юм.