Маркос Рохо Аргентинийг аварлаа

968

Аргентин 2:1 Нигери

Гоол: Леонил Месси 14, Маркос Рохо 86, Виктор Мозес 51

Тоглолтын шилдэг: Леонил Месси




Зөвхөн хожил хэрэгтэй байсан цагаан цэнхэрүүд энэ удаа 30 нас, 189 хоногтой гарааны 11-ийг Нигерийн залуу багийн эсрэг гаргасан юм. Энэ бол ДАШТ-ий түүхэнд хамгийн ахмад гараа.

Эхний хагаст 14 дэх минутад Эвер Банэгагийн дамжуулалтаар Леонил Месси энэ ДАШТ-ий анхны гоолоо орууллаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Нигерийн эсрэг гоолдсоноос хойш 662 минутын дараа дэлхийн аваргад зургаа дахь гоолоо оруулсан юм. Түүнчлэн энэ ДАШТ-ий 100 дахь гоолыг Л.Месси өөрийнхөө нэр дээр бүртгүүлэв.

Нэгдүгээр хагаст аргентинчууд илүүрхсэн бол хоёрдугаар хагас дөнгөж эхлээд Супер бүргэдүүд давуу тоглосон. Улмаар Хавьер Машераног шүүгч алдаа гаргасан гэж үзсэн тул торгуулийн цохилт зааж, тоог тэнцүүлэх сайхан боломжийг “Челси”-д данстай Виктор Мозес чадмаг ашиглав. Ингээд тоглолт дуусчихвал Супер бүргэдүүд хэсгээсээ шалгарах сайхан боломж бүрдэх байлаа.

Гэвч цагаан цэнхэрүүд эцсээ хүртэл тэмцсэн. Тэдний зүтгэл талаар болсонгүй. Маркос Рохо 86 дахь минутад хожлын гоол оруулснаар багаа хасагдах шат руу хөтөллөө. Дөрвөн жилийн өмнө Маркос Рохо Нигерийн шигшээгийн эсрэг гурав дахь гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан түүх энэ удаад ч давтагдсан. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог түүний шигшээдээ хийсэн гурав дахь, ДАШТ-ий хоёр дахь гоол энэ байсан юм.


Хорват 2:1 Исланд

Гоол: Милан Бадель 53, Иван Перишич 90, Гилфи Сигурдссон 76

Тоглолтын шилдэг: Милан Бадель




Хэсгээ тэргүүлэх нь хэдийнэ тодорхой болсон Хорват багийн ахлагч Лука Модрич, Иван Перишич нараас бусад бүх тоглогчдоо амралт өгчээ. Хасагдах шатанд тоглогчдоо нөөсөнөөс гадна зарим тоглогчид шар карт авсан нь тэдний бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон юм. Харин Исландын шигшээд зөвхөн ялалт, тэр ч бүү хэл илүү олон гоол оруулах шаардлагатай байсан тул байгаа бүхнээ дайчилсан. Эхний хагаст тоглолт нь болохгүй байсан ч хоёрдугаар хагаст Иван Ракитич, Деян Ловрен нарыг тоглолтод оруулсан. Зөрүүлээд багийн ахлагч Лука Модричийг сэлгээнд суулгасан юм.

Эхний хагаст викингүүд цөөнгүй боломж үүсгээд алдсан бол хоёрдугаар хагаст Хорватын Милан Бадель од болов. Тэрбээр 52 дахь минутад 16 метрийн гаднаас цохиод шон оносон бол ганц хормын дараа Ханнес Халлдарссоны хаалганд гоол орууллаа. 76 дахь минутад Д.Ловрен гар хүрсэн тул шүүгч торгууль зааж, Гилфи Сигурдссон энэ боломжийг ашиглаж, тооны харьцааг тэнцүүллээ. Гэвч тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн Иван Перишич хожлын гоол оруулснаар викингүүдийн мөрөөдөл талаар болов.