“Ираны Месси” гэгдэж буй Сардар Азмоун 23 насандаа зодог тайлав

1805

“Ираны Месси” хочтой перс эр Сардар Азмоун ДАШТ-д гоол оруулж чадаагүй тул хөгжөөн дэмжигчдээсээ хатуу үг сонссон. Түүнийг цахимаар сүрдүүлсэн утгатай зарим үг, бичлэг өндөр настай ээжийнх нь чихэнд хүрсэнээр бие нь өвдөж, эмчилгээ хийлгэхэд хүрчээ.

Оросын “Рубин Казан”-д зүтгэдэг 23 настай довтлогч эр хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь оролцож, бүтэн 90 минут талбайд гарсан. Ээжийнх нь бие муудсаныг сонссон перс эр дахин шигшээ багтаа зүтгэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Ираны шигшээ багийн албаныхан шилдэг довтлогчоо ирэх оны нэгдүгээр сард болох Азийн АШТ-ий үеэр шийдвэрээ өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ираны шигшээд зүтгэдэг өөр нэг довтлогч Реза Гучаннежад мөн зодог тайлж буйгаа зарлав. Өдгөө 30 настай довтлогч шигшээ багт багтсан ч талбай дээр гарах боломж гарч ирээгүй. Тиймээс зургаан жил зүтгэсэн шигшээ багаа орхих шийдвэр гаргасан байна.