Л.Месси нутаг буцлаа

1434

Франц 4:3 Аргентин

Гоол: Антуан Гриззман 13, Бенжамин Павар 57, Клиан Мбаппе 64, 68, Анхиль Ди Мариа 41, Габреаль Мерсадо 48, Кун Агуэро 90 + 3

Тоглолтын шилдэг: Клиан Мбаппе


Францын ур чадвартай, хурдтай залуусын довтолгоог Л.Месси тэргүүтэй цагаан цэнхэрүүд яаж зогсоох нь олны анхаарлыг татаж байлаа. Тэмцээний турш сайнгүй байсан ч хэсгийн сүүлийн тоглолтод Нигерийг хожсон нь тэдэнд урам өгсөн болов уу гэж дэмжигчид нь найдаж байсан юм.

Гэвч тэднийг зогсооход тун хэцүү. Ялангуяа Аргентин шиг шүүрэн шанага хамгаалалттай багт энэ бол тун хүнд даалгавар байв. Үүнийг батлах мэт ердөө 13 минутад 19 настай К.Мбаппегийн хурдаар илүүрхсэн довтолгоог “Манчестер Юнайтед”-ийн хамгаалагч М.Рохо алдаа хийж, 16 метрийн дотор унагав. Шүүгч эргэлзэх зүйлгүй торгуулийн цохилт зааснаар “Атлетико Мадрид”-ын довтлогч Антуан Гриззман тооны харьцааг 1:0 болголоо.

Эхний гоол орсоноос хойш францчууд хамгаалалт руу шилжсэн. Үе үе цөмөрч, хурдаар илүүрхэж байсан ч аюултай довтолгоог хийгээгүй. К.Мбаппегийн довтолгоог алдаа гаргаж зогсоосны дараа А.Гриззманы чөлөөт цохилт хаалганы шон оносонг эс тооцвол шүү дээ. Дэлхийн хошой аварга, бас хос мөнгөн медальт Аргентинийн шигшээ баг тийм ч амар бууж өгөхийг хүссэнгүй. Эхний хагасын төгсгөлд францчуудыг тун сайн мэдэх Анхиль Ди Мариагийн гоёсмог цохилт тооны харьцааг тэнцүүлэв. Францын “ПСЖ”-д данстай Ди Мариа энэ ДАШТ-ий хамгийн холоос гоол оруулсан тоглогч болжээ. Сонирхуулахад, тэрбээр ДАШТ-д нийт хоёр гоол оруулсан. Дөрвөн жилийн өмнө мөн л шөвгийн 16-д анхны гоолоо гүйцэтгэж байлаа.

Цагаан цэнхэрүүд тоог тэнцүүлснээр эхний хагас өндөрлөв. Хоёрдугаар хагаст Хорсе Сампаоли эхний сэлгээг хийж, шар хуудас авсан хамгаалагч М.Рохог суулган, 194 см өндөртэй, “Рома”-гийн хамгаалагч Ф.Фациог талбайд гаргав. Гэхдээ энэ шийдвэр нь төдий л оновчтой болоогүй. Стандарт цохилт болон булангаас Ф.Фацио мөргөж гоолдох төлөвлөгөөтэй талбайд гаргасан ч үнэндээ хамгаалалтад хурдтай франц довтлогчдийн эсрэг юу ч хийж чадаагүй юм.

Хоёрдугаар хагас эхлээд удалгүй Л.Мессигийн цохисон бөмбөгт Г.Мерсадо “оногдож”, аргентинчууд 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Л.Месси дөрвөн ДАШТ дараалан оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болов.

Хожигдох аюул өмнө нь ирсэнийг францчууд гэнэт ухаарч, илүү довтолсон тоглолт үзүүлэх боллоо. Лука Хернандезийн төв рүү хаясан дамжуулалт эзэндээ очоогүй ч буцаж явсан бөмбөгийг Бенжамин Павар гайхалтай цохилтоор гоол болгосон юм. Үүнээс хойш 19 настай залуу од Клиан Мбаппегийн шоу тоглолт өрнөв. Өсвөр насандаа ДАШТ-д хоёр гоол оруулсан хоёр дахь тоглогчоор тодорсон. Түүнээс өмнө домогт Пеле 1958 онд 17 насандаа ийм амжилт үзүүлж байв.