Английн түүхэн ялалт

666

Англи 1:1 Колумб (5:4 т.ц)

Гоол: Харри Кэйн (57), Йерри Мина (90 + 3)

Шилдэг тоглогч: Харри Кэйн


Залуухан “Гурван арслангууд” түүхэн ялалтын баатар боллоо. Учир нь Английн шигшээ баг ДАШТ-ий түүхэнд анх удаа торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожсон юм. 1966 оны дэлхийн аварга англичууд 1950 оноос хойш ДАШТ-д хүч сорьж эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн анх 1990 онд хагас шигшээд үлдээд Баруун Германы багтай 1:1-ээр тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 3:4-өөр ялагдсан түүхтэй. Улмаар 1998 онд шөвгийн 16-д Аргентинийн шигшээтэй 2:2-оор тэнцэж, пеналти цохиход Пол Инс, Дэвид Бэтти нар алдаж, дахин 3:4-өөр хожигдсон юм. Үүнээс яг найман жилийн дараа буюу 2006 онд шөвгийн 8-д Португалтай учраа таарч, үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр дуусч, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад 1:3-аар хожигдсон удаатай. Португалын шигшээгийн хаалгач Рикардо энэ тоглолтод эсрэг багийн гурван цохилтыг хааж, баатар болсон билээ.

Тэгвэл энэ удаад насны дундаж нь дөнгөж 25 гарсан залуухан “Гурван арслангууд” өмнөх үеийнхээ ах нар алдааг давтсангүй.

Үндсэн цагийн 57 дахь минутад Харри Кэйнийг Колумбын Карлос Санчес 16 метрийн талбайд унагаж, шүүгчээс шар хуудас авлаа. Улмаар торгуулийн цохилтоор англи эр тооны харьцааг 1:0 болгосон юм. “Тоттенхэм”-ийн лидер, Английн шигшээгийн залуухан ахлагч Х.Кэйн ийнхүү 6 гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж явна. Түүний ард дөрвөн гоол оруулсан Бельгийн Ромелу Лукаку, Португалын Криштиану Роналду нар жагсаж буй. Сонирхуулахад, Х.Кэйн энэ ДАШТ-д гурван торгуулийн цохилт (үндсэн болон нэмэлт цагт) оруулсан билээ. Энэ нь 1994 онд Болгарын довтлогч Христо Стоичковоос хойш анхных аж.

Сүүлийн хоёр ДАШТ-д шөвгийн 8-д шалгараагүй англичууд үлдсэн хугацаанд цаг барих тактик хэрэглэсэн ч энэ нь буруудчихсан. Учир нь шүүгч 5 минут сунгаж, улмаар 93 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Йерри Мина мөргөж гоолдов. Тоглолт дуусахад хоёр минут дутуу байхад тооны харьцаа 1:1.

Испанийн “Барселона” клубийн хамгаалагч Йерри Мина энэ ДАШТ-д гурав дахь гоолоо оруулсан нь энэ юм. Гэхдээ эдгээр гурван гоолыг тэр мөргөж оруулснаар 2002 онд Германы Мирослав Клозе толгойгоороо 5 гоол оруулсанаас хойших нэг ДАШТ-д хамгийн олон гоол мөргөж оруулсан тоглогч болжээ. Ийнхүү Колумбын шигшээ баг лидер Хамэс Родригес нь байгаагүй ч англичуудтай үндсэн цагт тэнцэж, нэмэлт цаг сунгахаар болов. Дөрвөн жилийн өмнө мэргэн буучийн жагсаалтыг 6 гоолтой тэргүүлсэн Х.Родригес гэмтлийн улмаас уг тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн юм.

Нэмэлт цагт дахин гоол ороогүй тул шигшээ торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах боллоо. Колумбын шигшээгээс эхний цохилтыг багийн ахлагч Радамел Фалкао цохиж оруулсан бол эсрэг талаас мөн л багийн ахлагч Х.Кэйн үүргээ гүйцэтгэв. Улмаар Колумбаас Хуан Куадрадо, Луис Мурьель нар Жордан Пикфордын хаалгыг мялаасан бол Англиас Маркус Рашфорд найдвартай байж, харин Жордан Хендерсоны цохилтыг Дэвид Оспина хаалаа.

Англичууд хүнд байдалд орсон ч Мексикийн “Американа” багт зүтгэдэг, 27 настай Матеус Урибегийн цохилт шон оносноор тэдэнд боломж гарав. Улмаар “Тоттенхэм”-д зүтгэдэг Киран Триппьер багийн андынхаа алдааг залруулсан бол Карлос Баккагийн цохилтыг Ж.Пикфорд хааж, багтаа том тус хүргэв. Сүүлийн цохилтыг Эрик Дайер амжилттай болгосноор 4:3-аар “Гурван арслангууд” хожиж, түүхэн ялалт байгууллаа.