Америкийн хамгийн ховдог эр рекорд тогтоов

1818

АНУ-ын тусгаар тогтнолын өдөрт зориулан Нью-Йорк мужийн Брүклин дүүрэг дэх Коней аралд жил бүр нэгэн сонирхолтой тэмцээн болдог. Сүүлийн 12 жилийн 11-т нь зохиогдсон үүнээс гурван жил дараалан болж буй “Nathan’s Hot Dog Eating Contest” тэмцээний энэ жилийн аваргаар эрүү хочтой Жое Честнут тодорчээ. Тэрбээр 10 минутад 74 “халуун нохой” идэж, өөрийнхөө тогтоосон дээд амжилтаа шинэчлэв. Хоёрдугаар байранд орсон Кармен Чинкоттигоос 11-ээр илүүг идсэн учир шар бүсийн эзэн болжээ.

Ж.Честнут Америкийн хамгийн ховдог эр гэдгээрээ алдартай. Хоёр жилийн өмнө энэ эр анх удаа тус тэмцээнд оролцоод 70 хот дог идэж, рекорд тогтоосон. Дараа жил нь өөрийнхөө рекордыг хоёроор ахиулсан удаатай.

Энэхүү хачирхалтай тэмцээний гуравдугаар байрт Даррон Брийден 43 хот дог идсэн амжилтаараа бүртгэгджээ.

“Fox Business”-ын сэтгүүлч Томас Баррабигийн мэдээлснээр Ж.Честнут 10 мянган ам.доллартай гэртээ харьсан бол хоёрдугаар байрыг 5000, гуравдугаар байрыг 2500, дөрөвдүгээрт орсон эрийг 1500, тавдугаарт жагссан “тамирчинг” 1000 ногооноор урамшуулжээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жил 41 хот дог ходоодондоо чихсэн Мики Судо түрүүлжээ. Тэрбээр энэ жил 37-г идсэн аж. Мики тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд тав дахь жилээ дараалан өнгөлж байгаа юм. Удаах байрт Мишель Леско 28, Жулет Ли 25-ыг идсэн амжилтаар бүртгүүлэв.