Нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин И.Ёндонсамбуу нар уналаа

1309

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөв.

Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний манлайд гарч, түүний араас улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат болон улсын арслан цолтой 9, улсын гарьд 6, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 41 бөх энэ удаагийн наадамд зодоглож буй.

Наадмаас өмнө допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээсэн ч өөрсдөө барилдахгүй гэдгээ зарласан юм. Түүнчлэн улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд зэрэг бөхчүүд допинг хэрэглэсэн тул зодоглоогүй юм.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын харцага Ш.Уламбаяр Булганы залуу бөх Ж.Ууганбаатарт, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу Завханы залуу бөх Л.Раднаасүрэнд тус тус өвдөг шороодов.