36 настай + супер ээж Серена Уильямс

595

Талбайн теннисний дөрвөн том их дуулгын нэг Английн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо.

Шигшээд Германы Анжелика Кербер, АНУ-ын Серена Уильямс нар тунаж үлдсэн. Өмнө нь дэлхийн чансааг тэргүүлж үзсэн А.Керберийн хувьд 2016 онд Австрали болон АНУ-ын Их Дуулгад түрүүлж байв. Өдгөө 30 настай немц бүсгүй тэр жилээ Английн тэмцээнд финалдсан нь зүлгэн талбайн дуулгад үзүүлсэн оргил амжилт нь юм. Харин домогт С.Уильямсын хувьд өнгөрсөн жил бие давхар байхдаа Австралийн Их Дуулгад түрүүлснээс хойш анх удаа шигшээд шалгарч буй нь энэ. Тэрбээр дөрвөн Их Дуулга дараалан өнжсөн бөгөөд Францын тэмцээнд эргэн ирсэн ч эрт ялагдсан билээ.

Герман, Америк бүсгүйчүүд хоорондоо найман удаа таарсанаас С.Уильямс зургаад нь ялсан үзүүлэлттэй ч энэ удаад А.Кербер өрсөлдөгчөө 6:3, 6:3-аар илүүрхэж, гурав дахь Их Дуулгаа хүртлээ. Ингэснээр А.Кербер 1996 оноос хойш тус тэмцээнд түрүүлсэн анхны герман теннисчин болов. Домогт Стеффи Граф одоогоос 22 жилийн өмнө долоо дахь түрүүгээ авч байсан түүхтэй. Түүнээс хойш энэ талбайд ноёрхсон теннисчин бол С.Уильямс. Америк бүсгүй мөн л долоо түрүүлсэн амжилттай. Үүнээс гадна С.Уильямс Их Дуулгад түрүүлсэн амжилтаараа С.Графын дээд амжилтыг эвдэхээр хичээж буй. Тэр дахин нэг удаа Их Дуулгад түрүүлэхэд С.Графын 24 цом хүртсэнтэй тэнцэх юм.

Гэхдээ С.Уильямсын хувьд энэ нь тун хэцүү даалгавар байлаа. Учир нь тэр тэр өнгөрсөн оны есдүгээр сард анхны хүүхдээ төрүүлсэн. 36 настай бүсгүйн хувьд их спортдоо ийм богино хугацааны дараа эргэж ирэх гэдэг амаргүй даваа. Гэхдээ С.Уильямс ясны тамирчин гэдгээ баталж, “Уимбилдон”-д финалдав. Энэ бол чамлахаар амжилт биш.

Тэрбээр ялагдсан ч үзэгчдийн хувьд ялагч нь байлаа. Тэмцээнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Ээжүүдэд боломж бий гэдгийг харуулахыг хүссэн. Зорилгодоо бараг хүрсэн ч аз дутлаа” гэж ярьсан юм.