Франц дэлхийн хошой аварга боллоо

1675

Франц 4:2 Хорват

Гоол: М.Манжукич 18 авто гоол, А.Гриззман 38, П.Погба 59, К.Мбаппе 65, И.Перишич 28, М.Манжукич 69

Тоглолтын шилдэг: А.Гриззман


Хөлбөмбөг сонирхогчдын дөрвөн жил хүлээдэг ДАШТ өндөрлөв. Тунаж үлдсэн Франц, Хорватын шигшээ багийн тоглолтыг үзэхээр ОХУ-д Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд 78 мянган үзэгчид цугларсан юм. Үзэгчдийн суудалд олны анхаарлыг татахуйц олон эрхэм сууж байв. Тодруулбал, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хорватын анхны эмэгтэй ерөнхийлөгч Колинда Грабар Китарович, Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах, Олон улсын хөлбөмбөгийн холбооны босс Жанни Инфантино зэрэг томчууд хүндэтгэлийн суудлаас үзэж харагдсан юм.

21 дэх удаагийн ДАШТ-д хүчирхэг Францын шигшээ баг өрсөлдөгчөө 4:2-оор буулган авсан. Хорватын гол довтлогч М.Манжукич шигшээд өөрийнхөө хаалганд гоол оруулсан анхны тоглогч болсон юм. Ингэснээр энэ удаагийн ДАШТ-д нийт 12 авто гоол орж, сөрөг дээд амжилт тогтоов.

Гэвч энэ алдааг И.Перишич залруулж, Францын хаалганд гоол оруулаад удаагүй ч өөрөө бас нэг алдаа гаргав. Түүнийг 16 дотор гар хүрсэн эсэхийг видео бичлэгээр нягтласан аргентин шүүгч торгуулийн цохилт заалаа. А.Гриззман энэ боломжийг алдсангүй.

Тооны харьцаа 2:1. Эхний хагас ийм үр дүнгээр дууссан тохиолдол хамгийн сүүлд 1974 онд бүртгэгдэж байв. Сонирхуулахад, А.Гриззман 37:56 минутад торгуулийн цохилтоос гоолдсон. Энэ нь тус багийн хувьд хаалга руу чиглэсэн анхны цохилт нь болжээ.

Хоёрдугаар хагаст Хорватын тоглолт бус Францын давамгайлал дор өрнөв. Тэдний хурдтай довтолгооны эцэст эхлээд П.Погба, дараа нь К.Мбаппе гоолдов. 19 нас, 207 хоногтой залуухан Мбаппе шигшээд гоол оруулсан хоёр дахь залуу тоглогч боллоо. Түүнээс өмнө Бразилын домогт Пеле 17 нас, 249 хоногтой гоолдсон удаатай. Хорватчууд тооны харьцааг ойртуулж, М.Манжукич эцсийн гоолыг оруулсан ч үүнээс хойш боломж гарсангүй. Манжукич ДАШТ эсвэл Европын АШТ-ий шигшээ болон Аваргуудын лигийн финалд гоол оруулсан тав дахь тоглогчоор тодорсон төдийгүй өөрийн хаалганд гоолдож, өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан ДАШТ-ий түүхэнд хоёр дахь тоглогч болжээ.