Олександр Усик дөрвөн холбооны аварга боллоо

1257

ОХУ-ын Москва хотноо мэргэжлийн боксын тун сонирхолтой тулаан болов. Лондоны олимпийн аварга, Украины Олександр Усик, ОХУ-ын боксчин Мурат Гассиев нар аваргын төлөө ширүүн тулаан хийсэн юм. Тэд хоёул тус бүр хоёр холбооны аваргын бүс эзэмшдэг байлаа. О.Усик WBO холбооны аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалсан. Тэрбээр энэ тулаанаас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард Латвийн Майрис Бриедисийг ялж, WBC холбооны аваргын бүс эзэмших болсон билээ. М.Гассиевийн хувьд IBF холбооны аваргын бүсээ хоёр удаа хамгаалж, Кубын Юниер Дортикосыг ялснаар WBA холбооны аваргын бүс эзэмшиж байлаа.

Дэлхийн шилдэг найман боксчин WBSS тэмцээн буюу ялагч нь дөрвөн холбооны аваргын бүс эзэмших тойргийн тэмцээнд оролцсон юм. Аваргын төлөө тунаж үлдсэн О.Усик, М.Гассиев нарын тулаан шүүгчийн саналаар шийдэгдэж, украин тулаанч ялалт байгууллаа. Ийнхүү О.Усик мэргэжлийн бокст 15 дараалан ялж, ганц ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. WBSS тэмцээний ялагч нь Мухаммад Алигийн нэрэмжит цомыг хүртсэн аж.

Шүүгчид санал нэгтэйгээр О.Усикийг ялагч хэмээн зарласан. Тодруулбал, 120:108, 119:109, 119:109-өөр украин тулаанч ялсан юм. М.Гассиевийн хувьд мэргэжлийн бокст 26 дараалан ялсан үзүүлэлт нь тасарч, анх удаа ялагдсан юм. Хоёр шүүгч 11 үед О.Усикийг ялсан гэж үзсэн бол нэг нь бүгдэд нь илүүрхсэн гэж зарлажээ.