Александр Головин “Монако”-г сонгов

1297

ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головин “Монако”-гийн эмнэлгийн үзлэгээр орж, тун удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.

Түүнийг шигшээ багтаа гялалзсаных нь дараагаар Английн “Челси” клуб идэвхтэй сонирхож байсан ч А.Головин “Монако”-г илүүд үзсэн байна. Английн клуб бразил гаралтай итали тоглогч Жоржиньотой гэрээ байгуулсан тул орос залуу өөр сонголт хийхээр шийдсэн бололтой.

Одоогоор Францын клуб түүнийг ямар үнээр авсан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ойролцоогоор 30 сая еврогийн үнэ хүрсэн гэнэ. Улмаар А.Головин шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон аж.

Хэрвээ гэрээ албан ёсоор баталгаажвал А.Головин ОХУ-аас тодорсон хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болох юм.