Марио Манжукичд “даруулсан” зурагчин Хорватад үнэгүй аялах эрхтэй болжээ

1993

ДАШТ-ий хагас шигшээд учраа таарсан Англи, Хорватын тоглолтын үеэр нэмэлт цагт Марио Манжукич гоол оруулснаар хорватууд финалд шалгарсан билээ. Тэгвэл “Супер Марио” хожлын гоолын баяраа тэмдэглэх үеэр нэгэн гэрэл зурагчинг дайрч унагасан явдал болсон юм. Тэгвэл энэ зурагчин нь 53 настай, Эл Салвадор улсын иргэн Юри Кортес гэгч аж. Баярлаж хөөрсөн хорватуудаас санамсаргүй бэлэг авч, “хөлсөнд нь хүрч” хийморь нь сэргэсэн латин эрийг “анти орос” үзэлтэй Домагой Вида хүртэл үнсэлтээр бэлэг барьсан юм.

Хэдийгээр ажлаа хийж яваад гэнэтийн халдлагад өртсөн ч Ю.Кортес ажраагүй. Тэрбээр ялалтаа тэмдэглэж буй хорват тоглогчдын онцгой хормыг хамгийн ойроос, тод мэдэрсэн хүний хувьд түүхэн зураг авч, урын сандаа нэмэрлэсэн юм.

Сонирхолтой нь, Хорватын аялал жуулчалын яам түүнийг болон гэр бүлийнхэнийг нь эх орондоо урьсан байна. Зурагчин эр ч тэдний хүсэлтийг хүлээн авч, наймдугаар сарын сүүл эсвэл есдүгээр сарын эхээр гэр бүлийн хамт зочлохоор болжээ.

Энэ талаар тус яамны сайд Кристан Станичич “Ажлаа ямар ч нөхцөлд хийж чаддаг хүний төгс жишээг түүнээс харж болно. Манай хөлбөмбөгчдийн баяраа тэмдэглэж буй зураг дэлхий даяар түгсэн. Манай улс бол найрсаг, жуулчдад ээлтэй орон. Тиймээс ноён Ю.Кортесийг бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна” гэж ярьжээ.