Дарио Билодид, Такато Наохиса нар алтан медаль хүртлээ

1214

Ирэх есдүгээр сард Азербайжаны Баку хотод болох ДАШТ-ий сорилго тэмцээний нэг болох Хорватын Загребын гранпри тэмцээний эхний өдөр өндөрлөв. Манай улсаас тус тэмцээнд таван жүдоч барилдахаар болсон ч харамсалтай нь медальд хүрч чадсангүй.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой аварга Японы Такато Наохиса бүх өрсөлдөгчөө ялсаар ээлжит түрүүгээ авлаа. Такато өмнө нь буюу 2012 оноос 2014 хүртэл хоёр жилийн хугацаанд хэнд ч ялагдаагүй. Тэгвэл энэ удаа 2016 оноос хойш ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Тодруулбал, Парисын их дуулга, Азийн тивийн АШТ, ДАШТ, Токиогийн их дуулга, Европын нээлттэй тэмцээн, Загребын гранпри гээд түүний ялагдал амсаагүй цуврал нь 26-д хүрч, үүнээс 18-ыг нь иппоноор илт илүүрхсэн байна.

Хэдийгээр дэлхийд илүүрхдэг ч олимпийн дэвжээнээс хүрэл медальтай хоцорсон япон эр дэлхийд гурав дахиа түрүүлэхээр хичээж буй.

Харин энэ жинд зодоглосон дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Азербайжаны Карамат Хусейновт ялагдсан бол залуу жүдоч М.Тогтохбаяр Киргызстаны Отар Бестаевийг барсангүй.

66 кг-д Израилийн Тал Фликер түрүүлж, Украины алдарт жүдоч Георгий Зантарияа мөнгөн медаль хүртэв. Манай жүдоч Д.Алтансүх эхний даваанд хийлж, Туркийн Синан Сандалыг давж, гуравт Катарын Аюуб Элидриссиг илүүрхсэн. Улмаар хэсгийн аваргын барилдаанд Японы Хифүми Абэг ялсан боловч хагас шигшээд Г.Зантарияа, хүрлийн төлөө Израилийн Баруч Шмайловт ялагдсанаар медальгүй хоцорлоо. Энэ жинд барилдсан Б.Эрхэмбаяр эхний тойрогт Германы Себастиан Сейдлт ялагдсан юм.

Эмэгтэйчүүдийн 48-д Украины залуу од Д.Билодид өнгөтэй байна. Ирэх аравдугаар сард 18 нас хүрэх украин охин сүүлийн 9 сарын хугацаанд зургаа дахь алтан медалиа хүртэв. Тэрбээр эхний тойрогт Австралийн Каролин Хаиныг, дараа нь Косовогийн Дистриа Красникиг, улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Г.Отгонцэцэгийг ялж, хагас шигшээд Японы Фүна Тонаки, алтын төлөө ОХУ-ын Ирина Долгова нарыг буулган авснаар ээлжит түрүүгээ авсан юм. Энэ жинд Г.Наранцэцэг очсон боловч эхний тойрогт Португалын Йоана Диогод дийлджээ.