Жүдо: Молдавын Денис Веру хоёр Монголыг дараалан ялав

2938

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн гранпри зэрэглэлийн тэмцээний эхний өдөр гарсан манай бөхчүүд бүгд медалиас мултарлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын Сабина Гилиазоваг дийлсэнгүй. Энэ жинд Японы Хироми Эндо түрүүлж, нутаг нэгт Тамами Ямазаки удаалсан юм. Харин хүрэл медалийг Косовогийн Дистриа Красники, Словекийн Милича Николич хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Ганбатын Болдбаатар эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Чилийн Уго Вераг, дараа нь Унгарын Чабо Сабог ялсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Роберт Мшвидобадзег барсангүй. Улмаар дагах барилдаанд Гүржийн Амиран Папинашвилид ялагдсан юм. Харин Лхагважамцын Өнөболд эхний тойрогт хийлээд хоёрдугаар шатанд Украины Вадил Черновыг илүүрхсэн. Гэвч энэ жингийг чансаагаар тэргүүлсэн Японы Рюүжү Нагаяамад ялагдав.

Манай тамирчныг ялсан япон эр энэ жинд алтан медаль хүртэж, ОХУ-ын Алберт Огузов мөнгөн медаль зүүлээ. Харин хэсгийн шатанд болон дагах барилдаанд Г.Болдбаатарыг ялсан гүрж, орос эрчүүд хоёул мөр зэрэгцэн хүрэл медаль гардав.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Адьяагийн Батсуурь эхний тойрогт Бостванагийн Гавин Могопаг, дараа нь Сербийн Страхинья Бунчичийг, улмаар Кубын Осниэл Солисыг илүүрхсэн ч хэсгийн аваргын төлөө Египетийн Мохамед Авгоудад ялагдсан. Дагах барилдаанд Молдавын Денис Веруд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв.

Д.Алтансүх эхлээд Итали, Польш, Египет, Ирландын жүдочдыг илүүрхэж, хэсгээ тэргүүлсэн ч хагас шөвгийн дөрөвт Японы Кэнзо Тагавад ялагдаж, хүрлийн төлөө өнөөх молдав эрийг дийлсэнгүй.