Азийн наадам 2018: Шар тивийн олимпийн тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс

1399

Анх 1951 онд зохион байгуулсан Азийн наадам өдгөө 18 дахиа болох гэж буй. Индонезийн Жакарта болон Палембанг хотод энэ сарын 18-наас ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд шар тивийн 45 төлөөлөл 40 спотын төрлөөр 10000 гаруй тамирчин өрсөлдөх юм.

Энэ жилийн зохион байгуулагч Индонез улс хоёр дахь удаагаа шар тивийн олимпийг эх орондоо хүлээн авах аж. Тэд 1962 онд Жакарта хотод Азийн наадам зохион байгуулсан туршлагатай. Гэхдээ энэ удаагийн тэмцээн нэг улсын хоёр хотод болох юм.

Азийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Жакартагийн 88 мянган хүний суудалтай, дэлхийн 26 дахь, Ази тивийн найм дахь том хөлбөмбөгийн цэнгэлдэх болох “Гелора Бунг Карно” цэнгэлдэхэд болно. Гэхдээ тус цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тоглолт бус хөнгөн атлетикийн тамирчид ур чадвараа сорих гэнэ.

Маскот буюу бэлгэдэл

“Азийн наадам 2018”-ын бэлгэдэлээр Бин Бин нэртэй шувуу, Атунг буга, Кака хирс сонгогдсон.

Маскотыг сонгохдоо Дерван нэртэй шувууг сонгосон юм. Энэ шувуу Индонезийн үндэсний спорт пенсак силатын дүрэмт хувцасыг өмсч, тухайн улсын өвийг төлөөлсөн аж. Зохион байгуулагчид 2016 оны нэгдүгээр сард танилцуулсан ч олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан тул хожим гурван бэлгэдэл болгон нэмсэн аж.

  1. Бин Бин шувуу – Диваажингийн шувууд хэмээх төрлийн төрөл. Энэ төрлийн шувуу Индонез, Папуа Шинэ Гвиней арал, Австралийн зүүн бүсийн нутагт элбэг. Бин бин шувуу Азийн наадмын стратеги төлөвлөлтийн бэлгэдэл болсон юм.
  2. Атунг буга – Зөвхөн Индонезийн Бавеан аралд амьдардаг гахай буга гэдгээрээ алдартай бугын төрөл зүйл. Одой буга ч гэж хэлж болох энэ бугын эрэгчин нь ердөө 60-70 см өндөртэй аж. Азийн наадмын хурдны бэлгэдэл болжээ.
  3. Кака хирс – Кака хэмээх нэг эвэрт хирс бол Жава аралд амьдарч байсан хирс. Одоо устаж үгүй болсон. Азийн наадмын хүчний бэлгэдэл болсон юм.

Лого

“Energy of Asia” хэмээн нэрлэсэн шинэ лого нь 1962 оны Азийн наадмыг зохион явуулсан, одоо ч нээлт, хаалтын ажиллагаа, хөнгөн атлетикийн тэмцээн болох “Гелора Бунг Карно” цэнгэлдэхийг дээрээс нь харсан байдлаар зуржээ.

Спорт

Азийн олимпийн хороо өнгөрсөн гуравдугаар сард нийт 42 спортын 384 төрлөөр зохион байгуулахаар хэлэлцсэн ч удирдах зөвлөлийн дараагийн уулзалтаар 39 спортын төрөл болсон юм. Ингэхдээ крикет, самбо, сюрфингийн төрлийг хасахаар шийдвэрлэжээ. Харин самбо бөхийн төрлийг цөөн жинд зохион байгуулахаар дахин хэлэлцээд тогтсон юм.

Шинээр олимпийн төрөлд орсон 3х3 сагсан бөмбөг, дугуйн чөлөөт төрөл болон спорт авиралт зэрэг хэд хэдэн төрөл нэмэгдсэн юм.

Албан ёсны дуу

Индонезийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос “Energy Of Asia” нэртэй дууны цомог гаргажээ. Энэ цомогт нийт 13 дуу орсон юм.