Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар самбо бөхийн төрөлд хүч үзнэ

5646

Энэ жилийн Азийн наадамд шинээр самбо бөхийн төрөл нэмэгдсэн. Гэхдээ самбо бөхийг удирдах зөвлөлийн хурлаар нэг хассан ч дараа нь буцааж нэмсэн юм.

Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд л зохион байгуулахаар болсон юм. Самбын тэмцээн энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд болно. Эрэгтэйчүүдийн 52, 90, эмэгтэйчүүдийн 48, 68 кг-д бөхчүүд өрсөлдөх аж.

Нэг жинд нэг улсаас хоёр бөх барилдах бөгөөд манайхнаас эрэгтэйчүүдийн 52 кг-д Гэндэндарамын Мөнхбат, Шаалуугийн Эрдэнэбаатар, 90 кг-д Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар, Ази тивийн аварга Рэгдэлийн Анхбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баасансүрэнгийн Ойдовчимэд, энэ жилийн Ази тивийн аварга Ганбаатарын Наранцэцэг, 68 кг-д Мөнхбатын Даваасүрэн, Цог-Очирын Батцэцэг нар зодоглохоор болсон талаар тус тэмцээний албан ёсны жагсаалтад бичсэн байна.

Х.Цагаанбаатар өмнө нь Дохагийн Азийн наадамд Монголын багийн тугчаар оролцоод жүдо бөхийн 66 кг-д түрүүлж байсан билээ.