Кувейтийн шигшээ багийн хориг цуцлагдлаа

1488

Индонезийн нийслэлд маргааш нээлтээ хийх Азийн наадамд Кувейтийн шигшээ баг өөрсдийн далбааг ашиглах боломжтой боллоо. Энэ талаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Азийн олимпийн зөвлөл өчигдөр хуралдаад нэгдсэн шийдвэрт хүрсэн аж.

Кувейтийн олимпийн хороо 2015 оны аравдугаар сарын 27-ноос хойш өөрсдийн туг, далбааг ашиглах боломжгүй болсон. Учир нь тус улсад тамирчдын эрхийг зөрчсөн хууль баталсан, Засгийн газраас хөндлөнгөөс оролцсон аж.

Үүнээс хойш тус улсын тамирчид Риогийн олимпод Олон улсын олимпийн хорооны туг дор жагсаж, таваг буудлагын тамирчин Фехаид Аль Деехани олимпоос алтан медаль хүртсэн удаатай.

Энэ удаагийн Азийн наадамд тус улсын олимпийн хорооны тэргүүн Шейх Талал Фахд Аль Сабах болон 40 тамирчин, албаны хүмүүсийн хамт оролцох аж.