Өнөөдөр Э.Бэхбаяр тэргүүтэй эрэгтэй чөлөөтийнхөн зодоглоно

4688

Өнөөдөр Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй таван жинд аварга тодорно. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-д манай улсын таван бөх дэвжээнд гарах юм.

Хэзээ

Бүх барилдаан Монголын цагаар 14:00 цагаас эхэлнэ. Хэсгийн барилдаан манай цагаар 18:00 цагт өндөрлөөд 20:00 цагт медалийн төлөөх барилдаан болох юм.

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

  • Э.Бэхбаяр гавьятын жинд 19 бөх зодоглоно. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Юки Такахаши, энэ жилийн тивийн аваргад түрүүлсэн Хойд Солонгосын Кан Кум Сон, энэ оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Узбекистаны Шавкатов Махмудон, тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн, Казахстаны Исмайлов Зандос, 2016 оны Ази тивийн аварга, Танхимын Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Томар Сандееп, өнгөрсөн жилийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Ираны Атринагарчи Реза зэрэг бөхчүүд иржээ.
  • Бэхээ гавьяат эхний тойрогт Тажыкстаны бөх Хикматульо Вохидовтой барилдана. Түүнийг ялвал БНСУ-ын Ким Сүн Вон, Кыргызстаны Алмаз Сманбеков нарын ялсантай нь хүч үзнэ. Манай тамирчин сугалаагаар доод хагаст буюу Энэтхэг, Иран, Узбекистаны бөхчүүдтэй нэг хэсэгт орсон. Харин нөгөө зоонд энэ тэмцээний түрүүлэх бөхчүүдийн тоонд орж буй Японы Юки Такахаши, энэ оны тивийн аварга Хойд Солонгосын Кан Кум Сон нар шөвгийн наймд учраа таарчээ.

65 кг: Батчулууны Батмагнай

  • Энэ жинд 21 орны бөх барилдах юм. 2013 онд Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Бажранг Пуниа дөрвөн жилийн өмнө Инчёнд мөнгөн медаль хүртсэн амжилтаа алт болгох зорилготой иржээ.
  • Батчулууны Батмагнай эхний тойрогт Балбын Сарож Ядавыг ялвал Хойд Солонгосын бөх Ким Кук Вон, Йемений Хуссейн Аль Аззани нарын ялсантай нь хүч сорино. Сонирхуулахад, Энэтхэгийн бөх Бажранг Пуниа дөрвөн жилийн өмнө 61 кг-д эхний тойрогт Т.Түвшинтулгыг ялж, медальд хүрэх замаа зассан билээ. Тэгвэл энэ удаад Б.Батмагнайтай таарах магадлал бий. Тэд нэг зоонд орсон юм.

74 кг: Ганзоригийн Мандахнаран

  • Энэ жинд мөн 21 орны бөх зодоглоно. ДАШТ-ий хүрэл медальт, Инчёны Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга Узбекистаны Бекзод Абдурахмонов, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой алт, нэг хүрэлтэй Ираны Мостафа Хоссейнхани, Европын аваргын алт, мөнгө, хүрэлтэй, Ази тивийн аварга, орос гаралтай Бахраины бөх Адам Батиров, олимпийн мөнгө, хүрэлтэй, дэлхийн аварга, Энэтхэгийн алдарт бөх Сушил Кумар зэрэг дэлхийн шилдгүүд иржээ.
  •  Г.Мандахнарангын хувьд эхний тойрогт Хятадын Ву Вэйтэй, түүнийг ялвал Японы Юүхи Фүжинами, Балбын Сүрэш Чунара нарын ялсантай нь барилдана. Хоёр ялаад гарвал Адам Батиров, Сушил Кумар нарын гарсантай нь таарах болов уу.

86 кг: Оргодолын Үйтүмэн

  • Энэ жинд олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ираны бөх Хассан Яздани, ДАШТ-ий хүрэл медальт, Инчёны Азийн наадмын аварга, Узбекистаны Рашид Курбанов нарын шилдгүүд бий.
  • О.Үйтүмэнгийн хувьд эхний даваанд энэ жилийн тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн БНХАУ-ын Би Шен Фентэй хүч сорино. Түүнийг ялвал Туркменистаны бөх Азат Гажиевтэй барилдана.

97 кг: Өлзийсайханы Батзул

  • Энэ жинд 13 бөх хүч сорино. Риогийн олимпийн хүрэлтэй, Ази тивийн хошой аварга, Узбекистаны бөх Магомед Ибрагимов, ДАШТ-ий хүрэл медальт, шар тивийн хошой аварга Ираны Алиреза Карими, Гуонжоугийн Азийн наадмын хүрэл медальт, Энэтхэгийн Маусам Хатри, Ази тивийн алт, мөнгө, гурван хүрэлтэй БНСУ-ын бөх Ким Жа Ган нарын бөхчүүд иржээ.
  • Ө.Батзулын хувьд эхний тойрогт Казахстаны бөх Алментай Бакдаулет, дараа нь БНСУ-ын Ким Жа Ган, Индонезийн Роналд Лумбан Торуан нарын ялсантай нь дараагийн даваанд хүч үзнэ.