Ганхуягийн Нандинзаяа Азийн наадмын гурав дахь медалийг авчирлаа

1630

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорилоо. Шилдэг наймд шалгарах эрхийн төлөө урьдчилсан шатанд Г.Нандинзаяа 626.6 оноо авч, дөрөвдүгээр байраар шалгарсан бол Ч.Нарантуяа 619.3 оноогоор 19 дүгээр байрт оржээ. Буудлагын эл төрөлд 46 тамирчин өрсөлдсөн юм.

Урьдчилсан шатанд Хятадын тамирчин 631.9 оноогоор Азийн наадмын рекорд тогтоосон бол шилдэг наймд ч ялгаагүй түүнийг гүйцэх буудагч тодорсонгүй. 19 настай хятад бүсгүй финалд 250.9 оноо авч, Азийн наадмын рекорд тогтоолоо.

Эхний 12 сумын дараа манай буудагч гуравдугаар байрт явж байлаа. Харин дахин хоёр сум буудсаны дараа тавдугаар байр луу уруудсан. 18 сумын дараа хасагдах аюулаас мултарч, Энэтхэгийн Апурви Чандела хасагдсан юм. 20 сумын дараа хоёрдугаар байрт орж ирсэн ч БНСУ-ын буудагчтай 227.4 оноогоор тэнцэж, нэмэлт нэг сум буудав. Нэмэлт буудлагад өрсөлдөгч нь 10 оносон бол манай тамирчин 9.8 онож, хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Г.Нандинзаяа Монголын буудагчдын 12 дахь медалийг хүртлээ. Манай буудлагын спортын тамирчид өмнө нь Азийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.