Пүрэвдоржийн Орхон Монголын хоёр дахь алтыг авлаа

4041

Азийн наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62 кг жинд манай улсын таван бөх зодоглосон. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хүнд жинд Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д П.Орхон нар хүч сорьсон юм.

Манай бөхчүүдээс П.Орхон 62 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. Түүнчлэн А.Батцэцэг, Э.Сумъяа нар хүрлийн төлөө хүч сорьсон билээ.

П.Орхон эхлээд хийлж, дараа нь Вьетнамын Нгун Ти Ми Ханыг цэвэр, хагас шигшээд Японы бөх, олимпийн аварга, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Кавай Рисокаг мөн цэвэр ялж, аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Киргызстаны бөх Айсулуу Тинибековатай хүч сорихоор шалгарч үлдсэн.

Манай тамирчин 11:0 буюу оноогоор цэвэр ялснаар Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин боллоо. Өмнө нь 2010 онд Г.Наранчимэг эмэгтэйчүүдийн 72 кг-д түрүүлж, анхдагч болсон түүхтэй.