Д.Мөнхбаярын шавь Энэтхэгээс төрсөн анхны Азийн наадмын аварга эмэгтэй буудагч болов

4153

Азийн наадмын гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат шигшээ буудлагад 34 оноо авч, рекорд тогтоосон. Ингэснээр тэр Азийн наадмын буудлагын төрөлд түрүүлсэн Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болсон билээ.

Аваргын төлөө Тайландын гар бууч Напхасван Янгпайпонтой финалдаж, ижил 34 оноотой болоод нэмэлт буудлагаар ялсан юм.

Энэ төрлийн урьдчилсан буудлагад Энэтхэгийн өөр нэгэн тамирчин 16 настай Ману Бакер шигшээ наймд нэгээр шалгарч, урьдчилсан шатанд Азийн наадмын рекорд тогтоосон.

Энэтхэгийн эмэгтэй гар бууны тамирчдын амжилт ийн ахисан нь монгол хүнтэй салшгүй холбоотой аж. Учир нь олимпийн хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр өнгөрсөн жилээс Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болж, тус улсад түр суурьших болсон юм.

Өдгөө 27 настай Рахи Сарнобат бол нэгэн үе Энэтхэгийн авьяаслаг залуу мэргэн буучдын нэг гэгдэж байлаа. Тэрбээр 2013 онд Дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй гар бууч болж байжээ. Түүнээс хойш улсынхаа гол найдвар нь болсон ч өнгөрсөн жил тохойндоо хүнд бэртэл аваад буудах техникээ өөрчлөхөд хүрсэн аж. Техникээ өөрчлөхөд түүнд Германаас ирсэн монгол дасгалжуулагч тус болсон юм. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр “Түүний буудлагын техникийг өөрчлөх талаас зөвөлгөө өгч ажиллаа. Мөн сэтгэлзүйг нь өндөр түвшинд бэлтгэсэн” гэж “TimesofIndia”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Д.Мөнхбаяр дасгалжуулагчийг Энэтхэгт ажиллах саналыг хүлээн авсны дараа Монголын буудлагын холбоо түүнд дасгалжуулагчийн ажил санал болгосон юм. Гэхдээ шинэ үүрэг авч, гэрээ байгуулсан болохоор үүнийг цуцлах боломжгүй байлаа. Ямартай ч цуут Монголын алдарт тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн шигшээ багт зүтгэж, хиндү бүсгүйчүүдийг олимпийн дэвжээнд бэлтгэх аж.