Ө.Эрдэнэбаатар хоёр удаа луйвардуулав

3905

Азийн наадмын жиү жицү бөхийн төрөлд эхний өдөр манай таван тамирчин өрсөлдсөн. Тэднээс эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Эрдэнэбаатар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Харамсалтай нь, манай тамирчин хоёр ч удаа ялалтаа луйвардуулж, медальгүй хоцорлоо.

Тэрбээр хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хамад Навадыг 3:2-оор ялж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон ч барилдаан дуусч, ялагч тодорсон хойно шүүгч нар манай бөхийг торгож, дэвжээний ард ялалтыг эсрэг талд өгсөн байна. Энэ асуудлаар МОҮХ-ны албаны хүмүүс гомдол гаргасан ч хэрэгсээгүй байна.

Улмаар Узбекистаны бөх Кемал Мередовтой хүрлийн төлөө хүч сорьсон юм.

Барилдааны явцад хоёр бөх ижил нэг торгуультай болж, цаг дууссан тул шүүгчдийн саналаар ялагчийг зарлав. Хачирхалтай нь, барилдааны төгсгөлд байнга хамгаалж байсан узбек эрийг шүүгчид санал нэгтэйгээр ялагч хэмээн зарласнаар Ө.Эрдэнэбаатар медальгүй хоцорлоо.

Түүнийг луйвардсан Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хамад Навад энэ жинд алтан медаль хүртэж, түүний нутаг нэгт тамирчин Халид Алблүүши мөнгөн медаль зүүлээ. Хүрлийг К.Мередовын хамт Казахстаны бөх Нурзан Сэйдуали хүртсэн юм.