Т.Тулга, Ө.Батзул нар аваргын төлөө барилдана

6315

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсаны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотын “Триумф” ордонд эхэллээ. Алдарт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй энэ жилийн тэмцээний шагналын сан 180 мянган доллар юм.  Шагналын сан өндөр байгаа тул энэ жил олимп, дэлхийн медальт олон аваргууд Сахад ирсэн билээ.

Манай улсаас Г.Мандахнаран, Т.Тулга, Ө.Батзул тэргүүтэй олон шилдгүүд эхний өдөр дэвжээнд гарсан юм.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д хамгийн олон буюу нийт 34 бөх өрсөлдсөн. Зөвхөн Якутын бөхийн сургуулиас 20 бөх барилдсан нь энэ жингийн өрсөлдөөн их байгааг харуулж буй. Энэ жингийн аваргын төлөө ОХУ-ын Арыйаан Тютрин, Азербайжаны бөх Парвизом Ибрагимовымтай тунаж үлджээ.

Харин 65 кг-д 29 бөх зодоглосон бөгөөд Т.Тулга Буриад Баяр Цыреновыг 13:2-оор илүүрхэн, финалд гарсан аж. Манай бөх маргааш ОХУ-ын аварга Виктор Рассадинтай аваргын төлөө барилдах юм. Сонирхуулахад, Т.Тулга Риогийн олимпийн мөнгөн медальт, энэ жинд шинээр өгсөж орж ирсэн Японы бөх Рэй Хигүчиг ялсан аж.

Манай тамирчдын амжилт ингээд зогсохгүй. 97 кг-д 13 бөх бүртгүүлсэн бөгөөд Ө.Батзул Азербайжаны бөх Нурмагомед Гаджиевтай аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн байна.

Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 74 кг-д Риогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Европын хошой аварга куба гаралтай итали бөх Фрэнк Чамизо, өнгөрсөн жилийн Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээний аварга, энэ жилийн ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт Никита Сучков нар аваргын төлөө барилдахаар болжээ.

Манай тамирчин Г.Мандахнаран ОХУ-ын Герман Установт ялагдсан байна.