Наоми Осака Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан анхны япон теннисчин болов

1453

Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө өрсөлдөх тамирчид тодорлоо. АНУ-ын хашир туршлагатай теннисчин Серена Уильямс Латвийн Анастасия Севастоваг 6:3, 6:0-ээр илүүрхэж, ес дэх удаагаа финалдав. Тэрбээр нийт зургаан удаа Америкийн нээлттэй тэмцээний аварга болсон билээ.

Харин түүний өрсөлдөгчөөр Японы 20 настай залуу теннисчин Наоми Осака тодорлоо. Тэрбээр хагас шигшээд АНУ-ын Мэдисон Кэйсийг 6:2, 6:4-өөр ялснаар Японы эмэгтэй теннисчдийн төдийгүй Ази тамирчдын хувьд түүхэнд шинэ хуудас нээж, анх удаа Америкийн нээлттэй тэмцээний финалд өрсөлдөх болов.

Серена Уильямс (АНУ)

Наоми Осакагийн хувьд 2009 онд Данийн Каролина Возняцки 19 насандаа финалдсанаас хойш тус тэмцээнд аваргын төлөө үлдсэн хамгийн залуу эмэгтэй тамирчин болов. Сонирхуулахад, Серена Уильямсыг анхныхаа Их Дуулгад оролцож байхад одоогийн өрсөлдөгч Н.Осака гурван сартай байсан юм.

Н.Осака Японд төрсөн боловч хүүхэд насаа Нью-Йоркт өнгөрүүлсэн нэгэн.