Марафоны хаан Элиуд Кипчогэ

1193

Берлиний марафонд олимпийн аварга Элиуд Кипчогэ хэмээх кени гүйгч нийт 42.195 км замыг 2:01:39 секундэд туулж, марафонд дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоосон. Төсөөлвөл кени эр дээрх замыг 13 мил буюу 20.9 км цагийн хурдтай туулсан юм. Тодруулбал, 100 метрт 17.2 секунд зарцуулсан баримт бий. Хэрвээ энэ тоо танд удаан санагдвал 100 метрийг зогсолтгүйгээр 420 удаа давтсан гэдгийг мартах ёсгүй.

Марафоны хөгжил, дэвшил:

Орчин үеийн марафон гүйлтийг 26.2 мил буюу 42.195 км хэмээн тодорхойлсон анхны тэмцээн 1908 онд Лондоны олимп байлаа. Тэр жил АНУ-ын гүйгч Жонни Хайес 2:55:18 секундэд барианд орж, анхны аварга болсон түүхтэй.

Түүнээс хойш 100 гаруй жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдсөн. Одоогоос дөрвөн жилийн өмнө Кенийн Деннис Киметто анх удаа 2:03:00 цагт багтаж, замаа дуусгасан гүйгч болж байв. Тэрбээр Берлиний марафоныг 2:02:57 секундэд туулж, рекорд тогтоосон удаатай. Энэ бол өмнөх дээд амжилтыг 26 секундээр эвдсэн үзүүлэлт.

Харин өнгөрсөн ням гаригт Э.Кипчогэ дээрх үзүүлэлтийг 78 секундээр шинэчлэн тогтоов. Энэ бол сүүлийн 50 жилд үзэгдээгүй амжилт. Хамгийн сүүлд үүнээс том рекорд гэвэл 1967 онд Австралийн Дерек Клайтон өмнөх рекордыг 2 минут, 37 секундээр тогтоосон юм.

Марафоны хаан

Өдгөө 33 настай Э.Кипчогэг марафоны хаан гэж хэлэхэд буруудахгүй. Тэрбээр нийт 11 марафонд оролцохдоо 10-т нь түрүүлж, 2013 онд болсон Берлиний марафонд хоёрдугаар байранд орж байлаа.

Берлиний марафон болон Лондоны марафонд тус бүр гурван удаа түрүүлж, энэ тэмцээний хамгийн оргил амжилтыг тэр нэр дээрээ бичүүлсэн юм.

Марафон:

  • 2013 Хамбург – түрүүлсэн
  • 2013 Берлин – Хоёрдугаар байр
  • 2014 Роттердам – түрүүлсэн
  • 2014 Чикаго – түрүүлсэн
  • 2015 Лондон – түрүүлсэн
  • 2015 Берлин – түрүүлсэн
  • 2016 Лондон – түрүүлсэн
  • 2016 Риогийн олимп – түрүүлсэн
  • 2017 Берлин – түрүүлсэн
  • 2018 Лондон – түрүүлсэн
  • 2018 Берлин – түрүүлсэн