Баку 2018: Өнөөдөр манай гурван жүдоч өрсөлдөнө

2241

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэй 63, эрэгтэй 81 кг-д аварга тодрох юм.

Манай улсаас өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорих бол эрэгтэй 81 кг-д О.Ууганбаатар зодоглоно.


ЭМЭГТЭЙ 63 кг: (44 жүдоч)

  • А хэсэг)

Энэ хэсгийг олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хос мөнгөтэй Францын Кларрис Агбегнену тэргүүлж байна. Түүнийг алтан медаль авах магадлалтай жүдоч хэмээн шинжээчид таамаглаж буй. Гэхдээ өнгөрсөн жил дэлхийд V дугаар байр эзэлсэн БНХАУ-ын Жүн Ши Ян, Нидерландын залуу авьяастан Санн Вермеер, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй Канадын Катерин Беушимин-Пинар нарыг мартаж болохгүй. Манай залуу жүдоч Б.Ганхайч эхний тойрогт БНХАУ-ын Жүн Ши Янтай, түүнийг ялвал К.Агбегнену хүлээж байна.

  • Б хэсэг)

Хоёр жилийн өмнө Бакуд болсон Европын наадмын хаалтын ажиллагаанд эх орныхоо далбааг мандуулсан Германы Мартин Традос уг хэсгийг тэргүүлж байгаа аж. Өдгөө 29 настай немц бүсгүйд өрсөлдөгч олон бий. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 21 настай словен бүсгүй Андреа Лески, Кубын залуу мастер Мэйлин Дэл Торо Карвахал, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэлтэй Бразилын Кетлейн Куадрос тэргүүтэй шилдгүүд багтжээ.

  • С хэсэг)

Уг хэсгийг тэргүүлж буй Словакийн Тина Трстеньяк хэсгээ тэргүүлэх магадлалтай ч Австрийн Катрин Унтавурзахэр саад болж магадгүй.

  • Д хэсэг)

Залуучуудын олимпийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Микү Таширо хэсгээ тэргүүлсэн. Түүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Нидерландын Жюл Франссен гэж таамаглаж байна. Энэ хэсэгт өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Мөнгөнчимэг багтсан. Манай жүдоч эхний тойрогт Италийн Эдвиж Гвендтэй таарсан. Түүнийг ялвал Ж.Франссентай учраа таарна.


 ЭРЭГТЭЙ 81 КГ: (65 жүдоч) 

  • А хэсэг)

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ираны гол найдвар Саэйд Моллаэй энэ жинг чансаагаар өнгөлж байна. Түүний хүчтэй өрсөлдөгч гэвэл гүрж гаралтай португал жүдоч Анри Эгүтидзе, Залуучуудын дэлхийн аварга Бельгийн Маттиас Кассе болон БНСУ-ын И Сеүн Сү нарыг нэрлэж болно.

  • Б хэсэг)

Энэ хэсгийг О.Ууганбаатар тэргүүлж байгаа. Түүний эхний өрсөлдөгч нь Бразилын Эдуардо Сантош. Түүнийг ялвал Грекийн Алексиос Нтанацидис, Молдавын Дорин Готоноага нарын ялсантай нь хүч үзнэ. О.Ууганбаатар өнгөрсөн жилийн дэлхийн аварга Германы Александр Вецерзак, ОХУ-ын Аслан Лаппинагов нар орсон юм.

  • С хэсэг)

Нидерландын Фрэнк Де Вит хэсэг толгойлж байна. Японы Сотаро Фүживара медаль хүртэх магадлалтай тамирчдын тоонд орж байгаа ч Бельгийн Сами Чоучи, Францын Алпа Дало нарыг тооцооноос хасч болохгүй.

  • Д хэсэг)

Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Хасан Халмурзаев эхний тойрогт хатуу сугалаа татсан. Тэрбээр Шведийн Робин Пашечтай өрсөлдөх юм. Түүнийг ялвал Азийн наадмын шинэ аваргаар тодорсон Казахстаны Дидар Хамзатай хүч сорих магадлалтай. Орос эрийн чансааг шалгачих өөр жүдочид ч энэ хэсэгт бий. Тодруулбал, ДАШТ-ий хүрэл медальт, Бразилын Виктор Пеналбер, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Германы Доминик Рессел, Израилийн Саки Мүки нарыг нэрлэж болно.