Жүдо: Абу Дабигийн Их Дуулгад Д.Төмөрхүлэг оролцоно

1297

Энэ сарын 27-29-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Одоогоор 65 улсын 425 жүдоч тус тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар зодоглохоор нэрээ өгөөд байна.

Өнгөрсөн жилээс иргэншлээ солихоор шийдэж, Арабын Нэгдсэн Эмиратын жүдоч болохоор бэлдэж байсан Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар шийдвэрээ цуцалж, эргээд Монголын үндэсний шигшээ багтаа данстай болсон гэнэ.

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан, өдгөө 28 настай Д.Төмөрхүлэгийн хувьд өнгөрсөн оны Токиогийн Их Дуулгаас хойш тэмцээнд оролцоогүй юм. Харин Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нарын хувьд “Мастерс” тэмцээнд оролцоод дахин тэмцээнд оролцоогүй.

Сонирхуулахад, Арабуудтай харилцаа муу байдаг Израилийн 13 жүдоч энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Тэдний дунд ДАШТ-ий хүрэл медальт Тал Фликер, Бакугийн Их Дуулгад түрүүлж байсан Саги Мүки, олимпийн хүрэл медальт Сассон Ор багтсан аж.