Будапешт 2018: Т.Түвшинтулга дагаж барилдана

934

Унгарын нийслэл Будапешт хотод бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-д манай дөрвөн бөх хүч сорьсон юм. Харамсалтай нь, манай бөхчүүдээс гурав нь барилдаанаа өндөрлөв. Харин 61 кг-д Т.Түвшинтулгыг хоёрдугаар тойрогт ялсан ОХУ-ын Гаджимурад Рашидов аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай бөх дагах эрхтэй болжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш явагдах болсон юм.


ЭРЭГТЭЙ 61 КГ

Алт: Гаджимурад Рашидов (ОХУ) – Йовлис Родригес (Куба)

Энэ жинд зодоглосон Т.Түвшинтулга эхний шатанд Кыргызийн Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан юм. Дараагийн даваанд ОХУ-ын Г.Рашидовт хожигдсон. Гэхдээ ДАШТ-ий мөнгөн медальт дагестан эр хоёр дахь жилээ дараалан дэлхийн финалд шалгарснаар манай бөхөд хоёр дахь боломж олголоо. Тэрбээр эхлээд Энэтхэгийн бөх Сонба Гонганэг ялвал ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн Бека Ломтадзетэй хүрлийн төлөө хүч сорих эрхтэй болно.


ЭРЭГТЭЙ 74 КГ

Заурбек Сидаков АНУ-ын Жордан Барроус, Италийн Фрэнк Чэмизо нарыг ялж, аваргын төлөө шалгарав

Алтын төлөө: Заурбек Сидаков (ОХУ) – Автандил Кенчазе (Гүрж)

Энэ жинд олонхын таамаглаж байснаар АНУ-ын Жордан Баурроус, Италийн Фрэнк Чэмизо бус тэднийг ялсан ОХУ-ын Заурбек Сидаков, Гүржийн Автандил Кенчазе нар аваргын төлөө өрсөлдөх боллоо. Ж.Барроус замналынхаа долоо дахь ялагдлыг амсав. Болгарын Мирослав Киров, Пуэрто Рикогийн Фрэнклин Гомес Матос нарын ялсантай нь дагах дээр учраа таарч, хүрлийн төлөө гарч чадвал Италийн Фрэнк Чэмизотой хүч сорих сонирхолтой тулаан биднийг хүлээж байна. Нөгөө талд Узбекистаны Бекжод Абдурахмонов, Польшийн Андреш Сокалски нарын ялсан нь олимп, дэлхийн хүрэлтэй Туркийн Сонер Демиртастай хүч үзнэ.


ЭРЭГТЭЙ 86 КГ

Олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгөтэй Ираны Хассан Язданиг зогсоосон америк эр алтан медаль хүртэж чадах уу?

Алт: Фатих Эрдин (Турк) – Дэвид Моррис Тэйлор III (АНУ)

О.Үйтүмэн эхний тойрогт БНХАУ-ын Жу Шен Линийг 10:0 буюу оноогоор цэвэр ялсан боловч дараагийн даваанд Кубын Юриески Керальтад 4:2-оор дийлдлээ. Куба эр дараагийн даваанд АНУ-ын Дэвид Моррис Тэйлор III-ыг бараагүй юм. Энэ жинд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Ираны Хассан Яздани АНУ-ын Дэвид Моррис Тэйлор III-т 11:6-гаар дийлдсэн аж.


ЭРЭГТЭЙ 125 КГ

Алт: Жи Вей Ден (БНХАУ) – Жена Петриашвили (Гүрж)

Н.Золбоо эхний тойрогт хийлээд ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын Ничолас Гвиаздовскид 9:4-өөр ялагдсан юм. Америк эр дараагийн тойрогт БНХАУ-ын Жи Вей Денд ялагдсан тул манай бөхийн тэмцээн дуусав.

Олимпийн аварга, ДАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэлтэй Туркийн алдарт бөх Таха Акгүл Ираны Парвиз Хадибасманжид 3:2-оор дийлдэв. Гэтэл Ираны бөхийг Гүржийн Жена Петриашвили хагас шигшээд ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.