Будапешт 2018: ОХУ-ын баг эрэгтэй багийн дүнгээр тэргүүлэв

885

Олимпийн аварга Кайл Снайдер, Абдулрашид Садулаев нарын “Зууны тулаан II” 35 секунд үргэлжилж, “Танк” хочит А.Садулаев аварга цолоо буцаан авлаа.

Өдгөө 22 настай дагестан эр ДАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай боллоо. Тэрбээр 86 кг-д Риогийн олимпийн аварга болж, дэлхийд хоёр удаа түрүүлсэн. Харин 97 кг-д ДАШТ-ээс алт, мөнгөн медалийн эзэн боллоо. Ялангуяа Будапештийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, нийт насанд хүрэгчдийн ангилалд 105 хожиж, хоёр удаа ялагдсан үзүүлэлттэй болов. “Танк” 2013 оноос хойш ганцхан удаа ялагдсан, тэр нь өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээд К.Снайдерт хожигдсон билээ.

Эрэгтэйчүүдийн 97 кг-д хүрэл медалийг Гүржийн бөх Элизбар Окиказе хүртсэн. Тэрбээр Риогийн олимпод болон гурван ДАШТ-д шагналт V байр эзэлсний эцэст дэлхийгээс анхны медалиа хүртлээ.

ОХУ-ын эрэгтэйчүүд багийн дүнгээр тэргүүлэв

Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОХУ-ын Магомедрасул Газимагомедов Бахрейний Адам Батыровыг 7:6-гаар хожиж, 2015 онд түрүүлсэн амжилтаа давтлаа. Өдгөө 33 настай дагестан гаралтай ч иргэншлээ сольсон А.Батыров ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм. Тэрбээр 6:0-ээр тэргүүлж эхэлсэн ч барилдааны төгсгөлд ялалтаа алдсан юм. Энэ жинд хүрэл медалийн төлөө Б.Бямбадорж барилдсан ч Гүржийн Зураби Якобишвилид оноогоор цэвэр ялагдсан. Гүрж эр өнгөрсөн жил 65 кг-д түрүүлсэн бол энэ жил жин өгсөөд дэлхийн хос медальтан боллоо.

Ийнхүү эрэгтэй багийн дүнгээр ОХУ тэргүүлж, АНУ, Гүрж удаалав.

Оросууд эрэгтэй хоёр жинд түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд япончууд хос аваргатай боллоо. 55 кг-д Маюү Мүкаида Беларусийн Залина Сидаковаг 12:2-оор илүүрхэж, дэлхийн дэвжээнээс гурав дахь медаль, хоёр дахь алтаа зүүлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д Рисако Каваи Туркийн бөх Элиф Йесилирмакийг 8:0-ээр илүүрхэж, дэлхийн хошой алттай боллоо. Р.Каваи 2015 онд Лас Вегасын дэвжээнд С.Батцэцэгт ялагдаж, мөнгөн медаль хүртсэнээс хойш босоо яваа юм.


Эрэгтэй

70 кг:

  • Алт: Магомедрасул Газимагомедов (ОХУ) 7:6 Адам Батыров (Бахрейн)
  • Хүрэл: Зураби Якобишвили (Гүрж) 10:0 Б.Бямбадорж (Монгол)
  • Хүрэл: Фрэнклин Кастилло (Куба) 11:1 Андрей Квятковский (Украин)

97 кг:

  • Алт: Абдулрашид Садулаев (ОХУ) 2:0 Кайл Шнайдер (АНУ)
  • Хүрэл: Элизбар Одиказе (Гүрж) 5:2 Магомед Ибрагимов (Узбекистан)
  • Хүрэл: Абрахам Руано (Итали) 2:2 Павло Олиник (Унгар)

Эмэгтэй

55 кг:

  • Алт: Маюү Мүкаида (Япон) 12:2 Залина Сидакова (Беларусь)
  • Хүрэл: Мён Сүк Ён (Хойд Солонгос) 2:1 Ци Жан (БНХАУ)
  • Хүрэл: Лианна Монтеро 5:4 Жакарра Винчестер (АНУ)

59 кг:

  • Алт: Рисако Каваи (Япон) 8:0 Элиф Йесилирмак (Турк)
  • Хүрэл: Б.Шоовдор (Монгол) 4:2 Алехандра Бонилла (Мексик)
  • Хүрэл: Шин Ру Пей (БНХАУ) 7:1 Светлана Липатова (ОХУ)