Будапешт 2018: О.Насанбурмаа алтан медалийн төлөө барилдана

812

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарах хуваарьтай юм.

Тодруулбал, өчигдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаа хийсэн бөхчүүдээс 72 кг-д Очирбатын Насанбурмаа алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ. Тэгвэл 65 кг-д зодоглосон Хүрэлхүүгийн Болортуяа хоёрдугаар тойрогт ялагдсан ч түүний өрсөлдөгч Канадын бөх Даниел Лаппэйж аваргын төлөө шалгарсан тул дагах барилдаан хийнэ. Тэрбээр эхлээд ОХУ-ын Мария Кузнецоватай, түүнийг ялвал АНУ-ын Форест Анн Молинаритай хүч сорино.


ЭМЭГТЭЙ 50 КГ

Э.Нарангэрэл эхний тойрогт хийлээд Туркийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга Эвин Демирантай учраа таарсан аж. Түүнийг ялвал шөвгийн 8-д шалгарах аж.

ЭМЭГТЭЙ 53 КГ

ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэлтэй Э.Сумъяа маань БНСУ-ын Шин Хе Литэй барилдана. Ялвал дараагийн тойрогт Украины Криштина Береза, Колумбын Луиса Мелендресийн ялсантай нь хүч үзэх юм.

ЭМЭГТЭЙ 57 КГ

А.Батцэцэг эхний шатанд Хойд Солонгосын Ин Сүн Ёнтой оноолт таарчээ. Өрсөлдөгчөө ялвал дараагийн даваанд ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн Ирина Курачкина, ДАШТ-ий хүрэл, Европын мөнгөтэй, Украины Ирина Харив нарын ялсантай нь хүч сорино.

ЭМЭГТЭЙ 62 КГ

П.Орхоныг орлож буй Э.Гантуяа эхний шатанд БНСУ-ын бөх Жун Вон Хантай барилдана. Түүнийг ялвал дараагийн тойрогт Казахстаны Аяулым Кассимова, Туркийн Асли Тугчу нарын ялсантай нь өрсөлдөнө.