Бокс: ОХУ-ын Улаан-үд хотод 2019 оны эмэгтэйчүүдийн дашт болно

830

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Москва хотод ээлжит чуулганаа хийж буй. Ирэх жилийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг тус улсын Сочи хотод зохион байгуулахаар тохиролцсон. Тэгвэл эмэгтэйчүүд Буриадын нийслэл Улаан-Үд хотод тулалдахаар боллоо.

ДАШТ-ийг ирэх оны аравдугаар сард зохион байгуулах бөгөөд 3500 хүний суудалтай Спортын ордонд болох аж.

Олон улсын допингийн эсрэг төвөөс ОХУ-ын шигшээ багийн эсрэг хоригийг цуцалснаас хойш тус улсад спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан хоёр дахь тэмцээн нь энэ юм. Өмнө нь 2020 оны хүндийг өргөлтийн Европын АШТ-ийг Москва хотод зохион байгуулахаар болсон билээ.

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ энэ жил Энэтхэгийн Шинэ Дели хотод энэ сарын 15-25-нд болох юм.