AIBA: Гафур Рахимов сонирхогчдын боксын холбооны шинэ тэргүүнээр сонгогдлоо

814

Олон улсын сонирхогчдын боксын холбооны чуулган ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ үеэр тус холбооны шинэ тэргүүнийг сонгох санал хураалт болсон юм. Түр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Узбекистаны Гафур Рахимов болон түүний цор ганц өрсөлдөгч, дэд тэргүүн, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Казахстаны Серик Конакбайев нар өрсөлдөв.

Хэдийгээр Гафур Рахимовыг сонгогдвол сонирхогчдын боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ авах аюулд ороод байсан ч AIBA-гийн удирдах зөвлөлийн гишүүд тоосонгүй. Г.Рахимов нийт 134 саналаас 86-г нь авснаар шинэ тэргүүнээр томилогдлоо.

Цагтаа боксчин, дасгалжуулагч байсан Г.Рахимов 1995 оноос өнөөг хүртэл AIBA-д дээд албан тушаал хашиж буй нэгэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш түр тэргүүнээр ажиллаж байсан түүнийг АНУ-ын Сангийн яам мөнгө угаасан хэрэгт буруутгаж, хар жагсаалтад оруулсан билээ. Харин узбек эр өөрийгөө буруугүй гэж үздэг, одоогоор нэрээ цэвэрлэхээр шүүхэд хандаад байгаа юм.

Харин одоо ОУОХ ямар арга хэмжээ авахыг хараад суух үлдэв. Удахгүй буюу энэ сарын 30-наас арванхоёрдугаар сарын 2-нд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд Токио хотод хуралдана. Энэ үеэр хэлэлцэх гол асуудал нь Г.Рахимов тэргүүтэй сонирхогчдын боксын ирээдүйн талаар байх болов уу.