Гимнастик: Симон Байлсын гайхалтай амжилт

978

Катарын Доха хотод спортын гимнастикийн 48 дахь удаагийн ДАШТ боллоо. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын алдарт тамирчин Симон Байлс зургаан медаль хүртсэн юм.

Өдгөө 21 настай Симон Байлс Риогийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн. Харин ДАШТ-ээс энэ жил дөрвөн алт, мөнгө, хүрэл гээд нийт зургаан медаль хүртэж, АНУ-ын түүхэнд шинэ хуудас нээлээ. Ийм амжилтыг хамгийн сүүлд 1987 онд ЗХУ-ын тамирчин Елена Шушунова үзүүлж байв.

Түүний түүхэн амжилт үүгээр ч зогсохгүй. ДАШТ-ээс нийт 14 алтан медаль хүртсэн амжилтаараа бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж, нийт 20 медаль хүртсэн үзүүлэлтээр ОХУ-ын нэрт гимнастикч Светлана Хоркинагийн (9 алт) амжилттай зэрэгцлээ.

С.Байлс Риогийн олимпийн дараа буюу өнгөрсөн жил ямар нэг тэмцээнд оролцолгүй өнжсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард олныг цочроосон хүчирхийлэгч, гимнастикийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарын хохирогч гэдгээ зарласан С.Байлс гуравдугаар сарын 1-нд бэлтгэлдээ эргэн ирсэн юм.

С.Байлс ДАШТ-ээс 14 алт, нийт 20 медаль хүртсэн.

Өнгөрсөн аравдугаар сард ДАШТ-ий сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон тул 18 сарын их спортоос завсарлага авсны эцэст ДАШТ-ээр эргэн ирэхээр болсон юм. Гэхдээ ДАШТ эхлэхээс хэдхэн хоногийн өмнө бөөрний чулуугуу авхуулж, эмнэлгийн орон дээр хэвтсэн түүнийг алтан медаль түүж, бүр бүх төрөлдөө шагналын тавцанд зогсоно гэдэгт итгэх хүн цөөхөн байсан биз.