Сонирхогчдын боксыг 2020 оны олимпоос хасахгүй

2041

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах 2020 оны олимпоос боксыг хасах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Гэхдээ тус холбооны шинэ Ерөнхийлөгч Гафур Рахимовын эрхийг хязгаарлах бодлого баримтлана гэж зарласан юм.

Томас Бахын мэдээлснээр 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт боксын төрөл багтах боловч AIBA-гийн үндсэн үүргийг хязгаарлах, олон улсын олимпийн хорооны бодлогын хүрээнд явагдах боломжтой гэж мэдэгдсэн юм.

Олимпийн хорооноос AIBA-д хяналт, шалгалт хийхээр шийдсэн бөгөөд энэ үеэр одоогийн холбооны удирдлагуудаас ямар нэг санхүүгийн хэрэг илэрвэл холбооны эрхийг нь шууд хасч, оронд нь өөр холбоо байгуулах, эсвэл өөр боксын холбоонд эрхийг нь өгөх замаар асуудлыг шийдвэрлэх бололтой.

Узбекистаны иргэн Гафур Рахимовыг АНУ-ын Төрийн сангийн яам гэмт хэрэгтний тоонд орсон учраас эрх нь хязгаарлагдмал байгаа нь Олон улсын олимпийн хороонд хүндрэл учруулж буй. Тодруулбал, түүнийг зарим улс орнуудад зорчих боломжгүй, AIBA холбоо нь Швейцарьт данс нээж чадахгүй байгаа нь Томас Бахын санааг зовоож байгаа юм.

Олон улсын боксын холбооны тэргүүн Гафур Рахимов

Олон улсын олимпийн хорооны тэргүүн ноён Томас Бах сэтгүүчидтэй хэвлэлийн бага хурал хийх үеэр Гафур Рахимовтой хувийн өш хонзон санасан зүйл байхгүй. Цэвэр ажил үүргийн дагуу шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн. Харин Г.Рахимов өөрийг нь буруутгаж буй явдлыг Узбекистаны улс төрийн бохир явуулга гэж тайлбарладаг. Тэрбээр Олон улсын олимпийн хорооны Удирдах зөвлөлийн хурал дээр өөрийнхөө нэрийг цэвэрлэхээр шаргуу ажиллаж байгаа гэдгээ ярьжээ.

Түүнчлэн Японы боксын холбоо Г.Рахимовыг ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөс хойш “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт боскыг хэвээр нь үлдээх хүсэлтэй байгаагаа Т.Бахт илэрхийлсэн юм.