Мастерс: Эрэгтэйчүүдийн сугалаа

919

Маргааш эхлэх жүдо бөхийн Мастерс тэмцээний сугалаа өнөөдөр гарлаа. Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс 60, 66, 73, 81, -100, +100 эмэгтэйчүүдийн 48, 57, 63 кг-д манай бөхчүүд өрсөлдөх юм.


60 кг

Энэ жинд манай улсаас хоёр жүдоч барилдана. Д.Амартүвшин гавьяат эхний даваанд Узбекистаны Диёрбек Урозбоевтой учраа таарчээ. Олимп, дэлхийн хүрэлтэй узбек эртэй өмнө нь зургаан удаа таарч, гурав ялсан юм. Энэ даваанд ялвал хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алберт Огузов, Казахстаны Гусман Кыргызбайев нарын ялсантай нь оноолт таарна.

Орос жүдочтой өмнө нь нэг удаа таарч, Д.Амартүвшин гавьяат ялсан. Харин казахтай гурав барилдаж, нэг удаа ялж байжээ. 

 Энэ жинд зодоглох Г.Болдбаатар эхний шатанд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай учраа таарчээ. Тэд өмнө нь хоёр барилдаж, бүгдэд нь Г.Болдбаатар ялсан билээ.

66 кг

Энэ жинд Г.Хэрлэн, Д.Алтансүх нар хүч үзнэ. Г.Хэрлэн эхний тойрогт Бразилын Чарлес Чибанатай сугалаа таарав. Тэд өмнө нь хооронд таарч байгаагүй. Бразил эрийг ялвал дараагийн тойрогт Японы Жоширо Марүяма, Молдавын Денис Виерү нарын ялсантай нь таарна. Япон жүдочтой өмнө нь таараагүй бол Д.Виерүд энэ оны Антальягийн Гран Прид таарч, унасан юм.

Д.Алтансүх эхний даваанд энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстаны Ерлан Серикжановтой таарлаа. Манай тамирчин ялвал дараагийн даваанд Израилийн Тал Фликер, Бразилын Даниел Гаргнин нарын ялсантай нь хүч үзнэ. Манай бөх энэ удаад нэг хэсэгт орсон бөхчүүдтэйгээ өмнө нь таарч байгаагүй аж.

73 кг

Ан Чан Рим, Ц.Цогтбаатар нар ДАШТ дээр

Уг жинд мөн хоёр бөх буюу Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар зодоглоно. Г.Одбаяр эхний тойрогт Казахстаны Жансай Смагуловтой оноолт таарсан. Тэд өмнө нь хоёр удаа таарч, манай бөх хоёуланд нь ялсан юм. Хамгийн сүүлд энэ оны ДАШТ-д барилдсан юм. Энэ хэсэгт Шведийн Томми Макиас, БНХАУ-ын Да Га Шин нар учраа таарав. 

Ц.Цогтбаатарын хувьд эхний тойрогт БНСУ-ын Ан Чан Римтэй хүч үзэх аж. Цогтоо энэ онд гурав дахь удаагаа Антай таарч байна. Хөх хотын Гран Пригийн финал, ДАШТ-ий хагас шигшээд солонгос эр дийлсэн билээ. Тэдний хэсэгт ДАШТ-ий хошой хүрэлтэй, ОХУ-ын Муса Могушков, Косовогийн Акил Гяакова нар багтсан.

81 кг

Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар энэ жинд зодоглоно. Н.Дагвасүрэн эхний тойрогт Португалын Анри Эгутизетэй учраа таарсан. Гүрж гаралтай португал жүдочтой өмнө нь хоёр удаа таарч, бүгдэд нь Н.Дагвасүрэн ялж байв. Түүнийг ялвал Германы Доминик Рессель хүлээж буй. Энэ онд ДАШТ-ий шагналт V байрт орсон жүдоч.

О.Ууганбаатарын хувьд эхний тойрогт ОХУ-ын Аслан Лаппинаговтой барилдана. Тэд өмнө нь гурван удаа таарахад бүгдэд нь орос эр хожсон. Энэ хэсэгт олимпийн аварга, ОХУ-ын Хасан Халмурзаев, Болгарын Иваято Иванов нар багтсан.

-100 кг

Л.Отгонбаатар эхний тойрогт ОХУ-ын Нияз Ильясовтой хүч үзнэ. Тэд энэ оны Антальягийн Гран Прид учраа таарч, Отгоо илүүрхэж байлаа. 

+100 кг

“D” хэсгийг тэргүүлж буй Ө.Дүүрэнбаяр Бекмурод Олтибоевтой учраа таарчээ. Тэд өмнө нь таарч байгаагүй юм.