МАСТЕРС: МОНГОЛЧУУД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ӨНДӨРЛӨВ

2042

Энэ сарын 15-16-нд жүдо бөхийн Мастерс тэмцээн боллоо. БНХАУ-ын Гуанжоу хотод анх удаа зохиогдсон дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаанд манай жүдочид гурван медальтай өндөрлөв. 

Тодруулбал, -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-д Довдонгийн Алтансүх нар хүрэл медаль хүртлээ. 

2010 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс Д.Амартүвшин сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтай 14 дэх эрэгтэй жүдоч болсон юм. Эрчүүдээс Мастерст гурваас дээш медаль хүртсэн хүн одоогоор үгүй. Хамгийн амжилттай яваа нь Францын Тедди Ринье аварга, гурван алтан медаль хүртсэн аж. 

60 кг жингийн медальтнууд

Сонирхуулахад, 31 насныхаа төрсөн өдрөөр хүрэл медаль хүртэж, өөртөө бэлэг барьсан манай гавьяат IJF-ийн цуврал тэмцээнээс нийт 25 медаль хүртсэн үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс Гүржийн Амиран Папинашвилигийн (27) ард бичигддэг. Тэрбээр Гран При ангиллын тэмцээнд 17 медаль хүртсэн гэдгээрээ тэргүүлдэг билээ.

66 кг жингийн медальтнууд

66 кг-д хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх Мастерс тэмцээнд гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа хүртсэн юм. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан дэлхийн шилдгүүдийн тоонд багтаж яваа.

Сонирхуулахад, Д.Амартүвшин 31 насандаа Мастерсаас медаль хүртсэн нь эрэгтэй жүдочдоос аравдугаарт бичигдэх ахмад нас юм. Тэгвэл Д.Алтансүх 30 нас, 343 хоногтойдоо медаль зүүснээр энэ жагсаалтын арванхоёрдугаарт бичигдэж байна.

Д.Алтансүх

Мастерсын хоёр дахь өдөр -100 кг-д Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Гүржийн Варлам Липартеллианитай аваргын төлөө тунасан ч гэмтлийн улмаас татамид гарсангүй. Ийнхүү манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар энэ удаагийн Мастерсыг өндөрлөж байна. 

ЗАРИМ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Энэ тэмцээн 2010 оноос хойш зохион байгуулагдахад (2014 онд өнжсөн) монголчууд жил бүр алтан медаль хүртэж байв. Харин энэ жил алтан медаль хүртэх бөх гарсангүй.
  • 2012 онд хоёр медаль хүртсэнээс хойш манай жүдочид жил бүр дөрвөөс дээш медальтай буцдаг байлаа. 2013 онд тав, сүүлийн гурван жил дөрвөн медаль хүртсэн. Харин энэ жил гурван медальд хүрэв.
  • Энэ тэмцээнээс манайхан 10 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртлээ.
  • Хамгийн залуу медальтан нь 20 нас, 199 хоногтойдоо мөнгөн медаль хүртсэн А.Цолмон, харин 31 насандаа гурав дахь медалиа хүртсэн Д.Амартүвшин хамгийн ахмад медальтан болжээ.

МАСТЕРС ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

2010 (1 медаль):

Санжаасүрэнгийн Миярагчаа (эр, 66 кг) – Алт

2011 (3 медаль):

Хашбаатарын Цагаанбаатар (эр, 66 кг) – Алт
Мөнхбаатарын Бундмаа (эм, 52 кг) – Хүрэл
Баттулгын Тэмүүлэн (эр, -100 кг) – Хүрэл

2012 (2 медаль)

Санжаасүрэнгийн Миярагчаа (эр, 66 кг) – Алт
Хашбаатарын Цагаанбаатар (эр, 66 кг) – Мөнгө

2013 (5 медаль)

Доржсүрэнгийн Сумъяа (эм, 57 кг) – Алт
Сайнжаргалын Ням-Очир (эр, 73 кг) – Алт
Адьяасамбуугийн Цолмон (эм, 52 кг) – Мөнгө
Ганбатын Болдбаатар (эр, 60) – Мөнгө
Хашбаатарын Цагаанбаатар (эр, 73 кг) – Хүрэл

2015 (4 медаль)

Мөнхбатын Уранцэцэг (эм, 48 кг) – Алт
Доржсүрэнгийн Сумъяа (эм, 57 кг) – Алт
Ганбатын Болдбаатар (эр, 60 кг) – Хүрэл
Даваадоржийн Төмөрхүлэг (эр, 66 кг) – Хүрэл

2016 (4 медаль)

Доржсүрэнгийн Сумъяа (эм, 57 кг) – Алт
Даваадоржийн Төмөрхүлэг (эр, 66 кг) – Мөнгө
Ганбаатарын Одбаяр (эр, 73 кг) – Мөнгө
Дашдаваагийн Амартүвшин (эр, 60 кг) – Хүрэл

2017 (4 медаль)

Доржсүрэнгийн Сумъяа (эм, 57 кг) – Алт 
Ганболдын Хэрлэн (эр, 66 кг) – Алт
Мөнхбатын Уранцэцэг (эм, 48 кг) – Хүрэл
Дашдаваагийн Амартүвшин (эр, 60 кг) – Хүрэл

2018 (3 медаль)

Лхагвасүрэнгийн Отгонбаатар (эр, -100 кг) – Мөнгө
Дашдаваагийн Амартүвшин (эр, 60 кг) – Хүрэл
Довдонгийн Алтансүх (эр, 66 кг) – Хүрэл