Чөлөөт бөх: Артур Таймазовын Лондоны олимпийн алтан медалийг хураалаа

1540

Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн хурлаар Узбекистаны алдарт бөх Артур Таймазовын Лондоны олимпийн түрүүг хүчингүйд тооцсон гэдгээ албан ёсоор зарлав.

Артурын Лондоны олимпод өгсөн допингийн шинжилгээг дахин нягталж үзсэний эцэст “Дегидрохлорметилтестостерон” хэмээх допингийн төрөлд хамаарах бодис илэрсэн гэдгийг баталлаа.

Ингэснээр Лондоны олимпийн чөлөөт бөхийн 120 кг жинд түрүүлсэн түүний амжилтыг хүчингүйд тооцож, алтан медалийг нь хураах шийдвэр гаргажээ.

Ташрамд, тус олимпоос мөнгөн медаль хүртсэн узбек гаралтай Гүржийн бөх Давит Модзманашвилиг мөн допинг хэрэглэсэн гэж үзсэн тул амжилтыг нь хүчингүй болгосон билээ.

Өдгөө 40 настай, ОХУ-ын төрийн Думын гишүүнээр ажиллаж буй А.Таймазов өмнө нь Бээжингийн олимпод түрүүлсэн амжилтаа мөн допингийн улмаас алдаж байв. Одоо тэр Сиднейн олимпийн мөнгө, Афины олимпийн алтан медаль, ДАШТ-ий хошой алтан медальт бөх боллоо. Харин Лондоны олимпод тавдугаар байр эзэлсэн АНУ-ын бөх Тервел Длагнев хүрэл медалийн болзол хангаж байна.