Чөлөөт бөх: ДАШТ-ээр допинг илэрсэн гурван тамирчны амжилтыг хүчингүйд тооцлоо

1677

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс олимпын эрх авсан гурван тамирчныг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул амжилтыг нь хүчингүйд тооцсон гэдгээ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарлав.

Эрэгтэйчүүдийн 74 кг-д хүрэл медаль хүртсэн Францын Зелимхан Хаджиев, 125 кг-д хүрэл медаль зүүсэн Узбекистаны Хасанбой Рахимов, 125 кг-д олимпын эрх авсан Сирийн Бадха Хутаба нараас допинг илэрсэн юм. Тэдний шинжилгээний хариу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан бөгөөд харин одоо албан ёсоор нийтэд зарлаж байгаа аж.

74 кг-д З.Хаджиевийн оронд хүрлийн төлөө түүнд ялагдсан Казахстаны Даньяр Кайсанов, 125 кг-д БНХАУ-ын Дэн Жэй Вэй нар дэлхийн медальтнууд боллоо.

Түүнчлэн 74 кг-д Польш, 125 кг-д Косово, Иран олимпын эрхтэй болжээ. Дөрвөн жилийн өмнө Риогийн олимпод анх удаа оролцсон косовочууд ийнхүү чөлөөт бөхийн төрлөөр анх удаа олимпын дэвжээнд хүч үзэх болов.