Усанд сэлэлт: Олимпын гурван удаагийн аварга Сүн Ян найман жилээр эрхээ хасуулав

1198

Олимпын гурван удаагийн аварга, БНХАУ-ын нэрт усанд сэлэгч Сүн Ян найман жилээр эрхээ хасууллаа.

Сүн Яныг 2018 оны есдүгээр сард допингийн шинжилгээнээс зугтсан тул эрхийг нь хассан юм. Өдгөө 28 настай хятад эрийг 2019 оны нэгдүгээр сард Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос буруугүй хэмээн үзэж, цагаатгасан. Тэгвэл допингийн эсрэг төв (WADA)-өөс спортын арбитрын шүүхэд хандаж, Сүн Яны уг хэргийг дахин хэлэлцэж эхэлсэн билээ.

Улмаар шүүхээс допингийн асуудалд дахин холбогдсон Сүн Яныг найман жил эрхийг нь хасах арга хэмжээ авлаа. Тэрбээр өмнө нь буюу 2014 онд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч ердөө гурван сараар эрхээ хасуулж байв.

Гэхдээ Сүн Ян зүгээр суухгүй. Хятадын Шинхау агентлагт өгсөн ярилцлагадаа тэр давж заалдана гэдгээ мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 30 хоногийн дотор давж заалдах эрх нээлттэй байдаг аж.

Өнгөрсөн жилийн усанд сэлэлтийн ДАШТ-ээр Сүн Яныг эсэргүүцсэн тамирчид цөөнгүй гарсан. Тухайлбал, 200 метрийн чөлөөт сэлэлтэд медаль хүртсэн Их Британийн Данкан Скотт түүнтэй хамт шагналын тавцанд зогсохоос татгалзсан юм. Үүний дараа 400 метрийн чөлөөт сэлэлтэд медаль зүүсэн Австралийн Мак Хортон мөн ийм эсэргүүцэл үзүүлсэн билээ.

Сүн Ян олимпын гурван алтан медальтайгаас гадна 2011 оноос хойш ДАШТ-ээс 11 удаа түрүүлсэн. Өнгөрсөн жил БНСУ-д болсон дэлхийн аваргаас хошой алт зүүсэн юм.